Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэргийн хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 15,17-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар 16-нд төвийн аймгуудын баруун, зүүн  аймгуудын зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн  аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Харсайрын булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд иргэн Б /30 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.06-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 2016.06.07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.06.10-ны өдрийн 12:00 цагт ирүүлж тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, усны түвшин их, булингартай байсны улмаас эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 2016.06.12-ны өдрийн 22:25 цагт түр зогсоосон.

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн “Арцат”-ын 15 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Ц /84 настай, эмэгтэй, мартаж, санадаг эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Ус, шаварт саатсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван-Овоо багийн “Баянгийн зүүн хоолой” гэдэг газар иргэн Э-гийн эзэмшлийн 71-92 ӨМӨ улсын дугаартай суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.06.13-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж 5 зорчигчтой автомашиныг шавраас татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Баянзүрхийн гүүрний хойд талд 5 зорчигчтой суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 01:32 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж, усанд суусан автомашиныг татан гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 201:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн зөрчлийн 1 дуудлагатай байлаа.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Э-гийн тагт дээр эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.13-ны өдрийн 10:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Риж Гоулд” ХХК-ийн авто тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.13-ны өдрийн 22:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top