Эмгэнэл

emgenel-1.jpg

Ж.ЛУВСАНДЭМБЭРЭЛ /1974-2016/

Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Жамъяндоржийн Лувсандэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Онцгой байдлын дэд хурандаа Ж.Лувсандэмбэрэл нь хариуцсан ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж ирсэн, хамт олны бахархан дуурайх үйлстэн төдийгүй олон зуун шавь нарын үлгэр дууриал болсон багш хүн байлаа.

Тэрээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч-Цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч, 1998-1999 онд МУИС-ийн ХЗДС-ийн магистрантурыг тус тус дүүргэсэн. 1992-1996 онд Цагдаагийн академид сонсогч, 1996-2004 онд Цагдаагийн академид багш, 2004-2008 онд тус академид ахлах багш, 2008-2011 онд Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын Бодлого төлөвлөлт, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөх, 2011 оноос Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, 2012 оноос Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтсийн ерөнхий зохицуулагч, 2013 оноос ОХУ-ын Онц байдлын яамны Иргэний хамгаалалтын академид суралцаж, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж төрийн албанд 24 жил хөдөлмөрлөжээ.

Ж.Лувсандэмбэрэл нь Иргэний эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Оюуны өмчийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн албан хаагч байв.

Тэрээр ОБЕГ-ын хуулийн зөвлөх, хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, үзэл баримтлал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай зэрэг албаны холбогдолтой олон хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шинэчлэн найруулах, батлуулахад өөрийн мэдлэг оюунаа зориулж онцгой байдлын байгууллагын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан манай тэргүүний офицерын нэг байлаа.

Онцгой байдлын дэд хурандаа Ж.Лувсандэмбэрэлийн хийж бүтээсэн ажлыг төр засгаас үнэлж 2007 онд “Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн медаль”, 2011 онд “Цэргийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, 2005 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, 2007 онд Боловсролын яамны “Хүндэт жуух”, 2010 онд Авлигатай тэмцэх газрын “Баярын бичиг”, 2008, 2009, 2010 онд “Онцгой байдлын албаны төлөө” 1, 2, 3 дугаар зэргийн тэмдгээр тус тус шагнагдаж байлаа.

Талийгаач Ж.Лувсандэмбэрэл нь төлөв даруу, ажил мэргэжлийн өндөр мэдлэг, арвин дадлага туршлагатай, хамт олон, шавь нарынхаа хүндлэлийг хүлээсэн, нөхөрсөг, хүнлэг, шударга нэгэн байлаа.

Түүний нийтэч, хөдөлмөрч, ажил хэрэгч шударга шулуун зан чанар бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД,

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТ ОЛОН

scroll to top