Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с.  Дорнод, Дарьгангын тал нутаг, Халхголын саваар  16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с.  23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр 19, 20-нд ихэнх нутгаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн Ц /84 настай, эмэгтэй, мартаж, санадаг эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.06.16-ны өдрийн байдлаар Орхон голын эрэг дагуу 87 км  газар эрэн хайсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Жилчигийн-Ам” гэдэг газраас иргэн Ц /46 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.06.16-ны өдрийн байдлаар Дэлгэрмөрөн гол үертэй, булингартай байсан тул эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн О-гийн эзэмшлийн бичил уурхайд агааргүй орчинд 1 хүн унасан тухай дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 21:43 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 14 албан хаагч ажиллаж иргэн О /34 настай, эмэгтэй/ уурхайн 60 метрийн гүнд ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.   

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, 2016.06.16-ны өдрийн байдлаар 1640 бог малыг зөөвөрлөж гаргасан.

4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Бөөлжих” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Цагаан-Овоо сумын 10 иргэн, Баянтүмэн сумын 16 иргэн ажиллаж 2016.06.16-ны өдрийн 22:40 цагт;

Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн нутаг “Могойн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн 10 иргэн ажиллаж 2016.06.16-ны өдрийн 22:30 цагт тус тус унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд 18-42 УБЛ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нийслэл өргөө БҮК-2” ХХК-ийн урд талд иргэн Б-гийн эзэмшлийн 13-72 УБВ улсын дугаартай ачааны автомашины тэвшин дээр тээвэрлэж явсан ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Төмөр замын 361-ийн гармаас Улаанбаатар хот чиглэлийн авто замын зорчих хэсэгт иргэн Б-гийн эзэмшлийн 66-26 УНЗ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 20:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top