Онцгойгийнхонд төрсөн өдрийн мэнд хүргэе

DSC03073.jpg

Түгшүүрийн дохио хангинасан л бол тэд 30 хормын дотор хэн нэгний амийг, амьдралынх нь эрхэм бүхнийг аврахаар гарна. Тэдний бэлэн болох энэ хугацаа бол бүрэн хувцаслаж машиндаа сууж хөдлөөд байршлаасаа 250 метр замыг туулсан байх хугацаа. Үүнээс та хэний тухай өгүүлэх гэж байгааг ойлгосон биз ээ. Гал, усыг басаж болдоггүй гэсэн эртний сургамж үг бий. Саваагүй болон санамсаргүй үйлдлээр галц өртөх, усанд үйх зэрэг гай бүхнээс авран хамгаалах зоригт эрсийн ажил үйлс хийгээд, амьдралын бодит биелэл болсон Онцгойгийнхны тухай өгүүлэх гэж байна.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны зургадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан. Хүний насаар өсвөр насандаа очих гэж тэмүүлж яваа сахилгагүй хүү шиг энэ хугацаанд Онцгойгийнхны хийсэн үйл, аварсан амиар тооцвол хэтэрхий урт гэмээр хугацаа өнгөрч. Өвлийн улиралд галын дуудлага эрс ихэсдэг бол зуны улиралд хуурайшилт ихтэй үед галаас, хур нь ихтэй үед үерээс бусдыг тэд л авран хамгаална. Ер нь, тэдний ажил зөвхөн гал түймэр, үер ус биш хэн нэгний буруутай үйлдлээс болж өөрийгөө, бусдыг хохироосон, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, иргэдэд аюул учирсан бүхий л тохиолдолд тэд дээр хэлсэнчлэн хамгийн хурдаараа, хамгийн түрүүнд л явдаг. Гэсэн ч сайхан үгнээс илүү муу үг сонссон нь элбэг бизээ.

Өөрийн амь насаа умартан бусдын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн ч тэнд ээжийн хүү, хүүхдийн аав, гэргийнхээ хань болсон олон залуус ажилладаг юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнч олон залуу алтан амиа бусдын төлөө өргөсөн харамсалтай тохиолдлууд гарч байсныг уншигчид санаж байгаа бизээ. Явсных нь хойноос хэсэгхэн хугацаанд гашуудаад өнгөрдөг ч маргааш нь тэднийг ажлаа муу хийдгийг нь зүхэж суудаг муу зан бидэнд бий. Угтаа өөрийн буруутай үйлээс болж эд хөрөнгө, гэр орноо түймэрдчихээд, согтуу хөлчүү гол ус руу орж живчихээд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс сайн дураараа тулалдаж дийлэгдчихээд л хийсэн үйлийнхээ бурууг бусдад тохох гэсэндээ л Онцгойгийнхныг буруутгаж суудаг шиг… Гэтэл тэнд чинь өглөө ажилдаа явахдаа хүүдээ чихэр авч ирнэ гэж амлаад гарсан аав, хөл хүнд эхнэрээ гэрт нь ганцааранг нь үлдээгээд яваа эр нөхөр, ээждээ үнсүүлээд гарсан хүү, эхнэртэй болох гээд үеийн бүсгүйгээ эргүүлж яваа залуучууд ажилладаг юм. Тэд өөрсдийн нандин бүхнээ орхиод таны нандин бүхнийг хамгаалахаар ажиллаж байгаа гэдгийг өнөөдөр л ганцхан тунгаагаад үзээрэй эрхэм уншигч минь…

Эх сурвалж: “Ардчилал” сонин

scroll to top