Уул уурхайн аврах анги 65 нас хүрлээ

20160623_175945-1.jpg

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын харьяа Уул уурхайн аврах ангийн түүхт 65  жилийн ойн баяр 2016 он 6 дугаар сарын 24-ны энэ өдөр тохиож байна. Тус анги нь анх 1951 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Улмаар 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги нэртэйгээр, 1995 онд Газрын хэвлийн тухай хууль батлагдсанаар Уул уурхайн аврах алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна.

Харин 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Уул уурхайн аврах тусгай салбар, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги болж төрийн тусгай албанд нэгдсэн юм.

Тус ангийн албан хаагчид 65 жилийн түүхэн хугацаанд 1564 хүний амь насыг уулын үйлдвэрийн ослоос авран хамгаалж, 19580 цэгт хий, тосны урьдчилан сэргийлэх шинжилгээний сорьж хийж, уулын нурал, усны цөмрөл, гал түймэр, хорт хийн ялгарал зэрэг ослуудад 400 гаруй мянган баг/цаг агааргүй, хорт хий бүхий хүнд халуун  нөхцөлд ажиллаж, ил уурхайн галын цэгт 1550000 метр куб усан хөшиг татаж, хөргөлт хийн унтрааж, 200000 метр куб нурлыг сэргээж, 52000 метр куб бетонон хаалт хийн улсын болон ард иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэж иржээ.

Тус анги нь одоо Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичиг, холбогдох эрхзүйн акт зэргийг удирдлага болгон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилт тавин ажиллаж байна.

scroll to top