Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангайн уулархаг нутгаар  16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:   25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс  завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.23-ны өдрийн байдлаар 60 км газар усаар эрэн хайсан. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг уулын урд талаар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсныг Мандал багийн малчин М малаа дурандаж байгаад  харсан тухай мэдээлсэн.

Ус шаварт саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баг дэнжийн адаг гэдэг газарт Туул голд автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.06.23-ны өдрийн 08:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 28 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж 72-20 НАА улсын дугаартай “Ниссан пикаб” загварын автомашин голын дунд хэсэгт суусан байсныг татаж гаргасан.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян–Улаан сумын /аймгийн төвөөс 30 км-ын зайд орших/ Баян-Улаан багийн “Хунтын гарам” гэдэг газар LAND 100  загварын автомашин голд суусан дуудлагыг 2016.06.23-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч ажиллаж “Тоёота Ланд-100” загварын 01-88 ӨВА улсын дугаартай автомашиныг татан гаргсан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

Үер: Увс аймгийн Өмнөговь сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Ховд гол үерлэж тус сумын Улиастай багийн “Бөөрөг”, “Шар цэхээ”, “Мөнжүү” гэдэг газар 40 айл өрхийн амбаар, эд зүйлийн хамт усанд автсан тухай дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж айлуудын усанд автсан эд зүйлийг 2016.06.23-ны өдрийн байдлаар бүрэн нүүлгэн шилжүүлсэн. Гарсан зардлыг сум орон нутаг хариуцна.  

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.23-ны өдрийн 12:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.23-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 80 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн 12 жилийн 6 дугаар сургуулийн замын хойд талд байрлах гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 04:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 55 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан. 

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэргслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Гачуурт явах хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт автомашин гэрлийн шон мөргөөд дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 02:23 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж 09-77 УНН улсын дугаартай “Еди Тоёота” загварын автомашин замын хашлага мөргөж иргэн Б /21 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТөвд хүргэсэн. Мөн уг автомашинд зорчиж явсан Н /19 настай, эмэгтэй/ нас барсан байсныг ЗЦГ-ын дэслэгчид хүлээлгэн өгсөн.

Ахуйн осол: Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүн-Уул” гэх газарт /сумын төвөөс урд зүгт 39 км/ шороонд хүн дарагдаж нас барлаа гэх дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 05:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top