Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Говь-Алтай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр сэрүүсч 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос 7-12 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал:  28, 30, 7 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 2016.06.21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.24-ний өдрийн байдлаар Тариалан сумын Сэлэнгэ  багийн нутаг “Нүхтийн үзүүр” гэдэг газар хүртэл нийт 300 км усаар урсаж, 19:30 цагт эрлийг зогсоосон. Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсныг тус багийн малчин М малаа дурандаж байгаад харсан, мөн 10-аад хоногийн өмнө Их-Уул сумын “Бага-Ацийн” бирвааз дээр иргэн Б-тай уулзаад явсан тухай мэдээлсэн. 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт явуулсан.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Хонхорын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг тус тус явуулж байна.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Доргонт” гэдэг газар Туул голын усанд О /13 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.26-ны өдрийн 09:15 цагт Туул голд анх орсон газраас 30 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Чандмань сумын төвөөс баруун зүгт 18 км-т /У-92058/00//  Ө-47065/00/// 2016.06.26-ны өдрийн 15:06:49 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Б.Догсомоос тодруулахад ямар нэг чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдэгдсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд  2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын гудамжийн айл өрх, ногооны талбай хүчтэй усархаг бороо орсноос усанд автсан тухай дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж, 2016.06.26-ны өдрийн байдлаар нийт тус гудамжийн усанд автсан 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, ногооны талбайн усыг гадагшлуулж, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж ажилласан.

 

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 08:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах зам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top