ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Сүхбаатар аймагт ажиллах үеэр Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзаж, санал бодлоо хуваалцан тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Албан хаагчид, түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын гутлын чанар муу байгааг генералдаа дуулгалаа. Мөн хорт хийнээс хамгаалах баг, компьютер, гамшгийн голомтод ашиглах иридиум утас, газрын зурагны хангалт дутагдалтай байгааг албан хаагчид хэлж байсан юм.
Мөн гамшгийн голомтод ажилласан албан хаагчид нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, 2004 онд тус газрын 4 албан хаагч шүлхий өвчний голомтод ажиллаж байгаад нэр нь үл мэдэгдэх, хаанаас, хэн нийлүүлсэн нь мэдэгдэхгүй химийн бодисонд хордсон байна. Улмаар албан хаагчдын элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, байнгын эмчилгээ хийлгэдэг болжээ. Уг химийн бодис нь промолин хэмээх ариутгалын бодисоос 20 дахин хортой химийн хорт бодис байсан нь шинжилгээгээр батлагджээ.
Бригадын генерал Т.Бадрал, дээрхи албан хаагчдыг ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант дах Давтан сургалт, сэргээн заслын төвд эмчлүүлэн сувилуулах, эмчийн хяналтад байхыг зөвлөлөө.
Ингээд Т.Бадрал дарга албан хаагчдад хандан хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгөв.
Дан ганц улсын төсвийг хараад суулгүй албаа бэхжүүлэхэд зориулан аймаг, орон нутгийн гамшгаас хамгаалах санд төсөв суулгах, орон нутгийн хэмжээнд шийдүүлэх арга хэмжээ авахыг санууллаа.
Байгууллагын соёл хувь хүнээс ихээхэн шалтгаална. Албан хаагчид мэдлэг, боловсролоо дээшлүүлж, сурч боловсрох тэмүүлэл, эрмэлзэлтэй байх хэрэгтэйг албан хаагчдад хэлж байлаа. Мөн албан хаагчид өрөө тасалгаандаа засвар, тохижилтын ажлыг өөрсдийн боломжийн хэрээр хийж, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүргийг генералаас авлаа.