Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус,  говийн бүсийн өмнөд хэсгээр  21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, түр зуурын бороо орно, Салхи хойноос 6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд ихэнх нутгаар, 7 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.  1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газарт  явсан. 2016.06.28-ны өдрийн байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчирээс голын урсгалаа сөрж эрэн хайсан.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.28-ны өдрийн 09:00 цагаас 23:00 цагт тус сумын нутаг Суу толгой гэдэг газраас Өгөөмөр, Гүнжийн булаг хүртэл Орхон голын усанд 50 км газарт самналт хийсэн.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.28-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.28-ны өдрийн байдлаар Шишгэдийн гол ус ихтэй, булингартай, шавар намаг ихтэй байсан тул 200 метр газарт эрэн хайсан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд 2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;   

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багт 4 ханатай гэр усанд автсан гэсэн дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 16.48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  5 албан хаагч  ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт усархаг бороо орсны улмаас тус дүүргийн 4 дүгээр хорооны УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргын 13 дугаар хэсгийн хорооны байр усанд автсан тухай дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6 албан хаагч ажиллаж усыг соруулан авч зайлуулсан.

4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Хамар даваа” гэдэг газар аянганаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 6 иргэн ажиллаж 2016.06.28-ны өдрийн 21:00 цагт унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Содмонгол ШТС-ын дэргэд иргэн Т-гийн эзэмшлийн 24-83 УНК улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.28-ны  өдрийн 19:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Говь-Алтай аймгийн төвөөс Алтай суманд УИХ-ын сонгуулийн санал хураах төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл хүргэж явсан 01-23 ГАА улсын дугаартай суудлын автомашин Алтай сумын Бадрал багийн “Шандын сайр” гэдэг газар 35-39 ОРО улсын дугаартай автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 5 албан хаагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын 12 хүн ажиллаж иргэн Б /51 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны  59 дүгээр байрны 2 дугаар орцны 4 дүгээр давхраас орцны дээвэр дээр хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 2016.06.28-ны өдрийн 14:47 цагт /17:00 цагт/ хүлээн авсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top