Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Халдварт өвчний голомтод 2014.02.06-ны өдрийн байдлаар 33 өрхийн 143 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 120 малыг зориудаар устгасан. Онгон сумын 1, 3 дугаар багт 35131 малыг вакцинжуулсан.
Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, дээрхи чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх, өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг сахиулах ажлууд хийгдэж байна.
Шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өглөө.
Нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах,
Сүхбаатар аймгийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг болон зэргэлдээх Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын мэргэжлийн байгууллагуудыг халдвар хамгааллын хувцас, ариутгал, халдваржүүлэлтийн бодис, багаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллах,
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарч байгаа зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх, шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтдыг дархлаажуулах ажлыг холбогдох журам, заавар, стандартын дагуу богино хугацаанд чанартай хийх,
Шүлхий өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаагаас аймгийн хэмжээгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх,
Уг өвчнөөр өвчлөмтгий малыг дархлаажуулах вакцин, шаардлагатай багаж хувцас хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэх бодисоор шуурхай хангаж ажиллах,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн орон нутгийн замаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож, эрүүл бүсэд зорчиж буй иргэд, тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх
Нийслэл хот орчимд шүлхий өвчин тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлж аймгуудын хилийн пост дээр хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.
Мөн дээрхи сумдыг болон зэргэлдээх аймгуудын малыг вакцинжуулахад шаардагдах вакцин, ариутгалын бодис, зарцуулагдах хөрөнгийг нарийвлан гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.
Сүхбаатар аймгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хлорын шохой 1750 кг, повидон иод 200 литрийг тус аймагт хүргүүлсэн байна.
Онгон суманд шүлхийн вакцинжуулалтыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн ба бусад сумдын шүлхийд мэдрэмтгий малыг вакцинжуулах вакцин Биокомбинатын тусгай зориулалтын машинаар 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн. Онгон сумын 3 багт 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 14520 малд вакцин тарьжээ.
Аймгаас сумдад, сумдаас сум, багуудад, улмаар Улаанбаатар хот болон бусад газраас тус аймгийн нутагт байдаг Шилийн богд, Алтан овоо зэрэг газруудад очих хүн, тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөн ихэсдэг тул тухайн газруудад явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын халдварын 6 голомтод 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Халдварын голомтод 47 өрхийн 183 хүн байгаа ба үүнээс Онгон сумын шүлхийн голомтод 17 өрхийн 101 хүн, нийт 14838 толгой мал, Дарьганга сумын голомтод 11 хот айлын 17 өрх, 51 хүн амьдарч байгаа мэдээтэй байна гэсэн мэдээллийг хуралдааны үеэр холбогдох мэргэжлийн байгуууллагуудаас хийсэн юм.
Сүхбаатар аймагт шүлхий өвчний голомтыг устгах, хяналтад авах мал эмнэлгийн арга хэмжээний зардалд одоогийн байдлаар 900 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутаг, улс, тивийг хамран тархаж, олон төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыгөвчлүүлдэг,эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт, вирүсийнгаралтай гоц халдвартөвчин юм.
Өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэншинж тэмдгүүд илэрдэг юм байна.