Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилийн ой болон Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр даргын зөвлөлийн гишүүд болон газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Баяр, наадмын өдрүүдэд 33-38 хэм хүртэл халж хуурай салхитай, бүгчим халуун байх нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа учраас хуваарийн дагуу ерөнхий эргүүлээр ажиллах бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд хүч хэрэгсэл, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдалд хяналт тавих, бэлтгэлийг сайтар хангуулж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн иргэд халуунд гол ус бараадан амарч зугаалахтай холбогдуулан иргэдийн олноороо очдог гол, мөрөн, нуурын эрэг орчим дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх самбар, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, байрлуулсан эсэхэд хяналт тавих шаардлагатай байгааг анхаарууллаа.
ОБЕГ-ын удирдлагаас иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор аврах ажиллагаанд ашиглах 13 завины хөрөнгийн асуудлыг улсын төсвөөр хөрөнгөөр шийдүүлж Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Өвөрхангай, Дорнод, Завхан зэрэг аймгийн Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах ангиудад хуваарилан олгоод байна.