Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар говийн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Төвийн бүс нутгийн зүүн Дорнод Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтай, Өвөрговь, Орхон Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүрч  ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Санжаасүрэн”-ийн тохой гэдэг газар Хараа голын усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 11:35 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.07.12-ны өдрийн 15:40 цагт Б /2 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх гүүрний хойд талд Туул голын усанд 2 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 11:34 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, Х /10 настай, эрэгтэй/, Н /13 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд;

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын шинэ гүүрний зүүн талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн завьт эргүүлийн 7 албан хаагч ажиллаж, иргэн Б /34 настай, эрэгтэй/-ны цогцсыг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн;

Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч,

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булан голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

Уул, хаднаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Хар уулын “Асгат” гэдэг газар эгц хаданд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 20:17 цагт бүлэг 20:34 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч ажиллаж, иргэн Ж /25 настай, эмэгтэй/-г 200 метр өндөр хаданд хавчуулагдсан байсныг аврах олс ашиглан буулгаж, НТТТөвд шилжүүлэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.07.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

Үер, ус, шаварт саатсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд Туул голын усанд иргэн Н 50-03 УБЕ улсын дугаартай тоёота “Алион” загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 09:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бөө мод” гэдэг газар Туул голын усанд иргэн У 42-45 УБЕ улсын дугаартай “Гранд марк II” загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.12-ны 09:45 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, дээрх автомашиныг тус тус татаж гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усаар иргэд гатлан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 09:49 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, иргэн Э /31 настай, эмэгтэй/, С /31 настай, эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/, У /33 настай, эмэгтэй/, Ц /32 настай, эргэтэй/ нарыг аюулгүй газар гаргасан;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын усанд иргэн З 38-30 УБК улсын дугаартай “Виш” загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 10:44 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, усанд суусан автомашиныг татаж гарган, зорчиж явсан иргэн Б /29 настай, эрэгтэй/, О /49 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, М /2 настай, эмэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нарыг;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны хойно Туул голын усанд иргэн О 48-14 УНР улсын дугаартай “Приус-11” загварын автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, усанд суусан автомашиныг татан гаргаж, зорчиж явсан Э /22 настай, эмэгтэй/, Э /39 настай, эмэгтэй/, О /23 настай, эрэгтэй/ нарыг; 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо,  Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын усаар иргэд гатлан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, иргэн Г /34 настай, эмэгтэй/, О /49 настай, эмэгтэй/, Б /6 настай, эмэгтэй/ нарыг тус тус завь ашиглан аюулгүй газар гаргасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Дарцагт”-ын аманд Туул голын усанд иргэн Б-гийн 58-48 УБН улсын дугаартай “Чезер” загварын автомашин суусан тухай  дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч ажиллаж дээрх автомашиныг тус тус татаж гаргасан.

4.Тээврийн хэрэгслийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн автозамын уулзварын зорчих хэсэг дээр 23-35 УБТ улсын дугаартай том оврийн автобус, иргэн Д-гийн 57-29 УБЛ “Криста” загварын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч ажиллаж иргэн Д /22 настай, эрэгтэй/, Л /25 настай, эмэгтэй/, Б /21 настай, эмэгтэй/, Ч /19 настай, эрэгтэй/, М /2 настай, эмэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ хүлээлгэн өгч, иргэн З /21 настай, эмэгтэй/, Д /1 настай, эрэгтэй/ нарыг автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top