Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн  хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн зарим газраар, 17,18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар, 17-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Уснаас эрэн хайх: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

 

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохойд” Туул голын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.07.13-ны өдрийн 16:50 цагт цогцсыг уснаас гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ус, шаварт саатсан: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Дэлгэр булаг багийн “Хүрмийн-Ам” гэдэг газар Чулуут голын усанд 7 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.07.13-ны өдрийн 21:20 цагт уснаас татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын  Уужим  багийн “Хүрмэн-Үзүүрийн гарам” гэдэг газар 7 зорчигчтой суудлын автомашин Орхон голын усанд суусан тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.13-ний өдрийн 19:00 цагт уснаас татан гаргасан.

 

3. Аюулт үзэгдлийн талаар

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын төвөөс хойд зүгт 36 км-т /У.49086/00//, Ө.89078/00/// 2016.07.13-ны өдрийн 15:45:15 цагт 4.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байлаа.

Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн “Даваа харын хир” гэдэг газар 2016.07.13-ны өдрийн 08:00 цагт иргэн Н-н хотонд аянга буусны улмаас С /23 настай, эмэгтэй/, У /15 настай, эрэгтэй/, Ц /13 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/ нар бэртэж, иргэн С /20 настай, эмэгтэй/ нас барсан. 125 мал хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Өндөр ширээт сумын Уянга багийн “Мэнгэтийн-Ар” гэдэг газар суудлын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж осолд орж гэмтсэн иргэн З /63 настай, эрэгтэй/, О /56 настай, эмэгтэй/, Б /53 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/, Н /34 настай, эрэгтэй/ нарыг тус аймгийн Лүн сумын хүн эмнэлэгт, автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Гангар-Инвест” ХХК-ийн баригдаж байгаа байрны дэргэд нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 08:58 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Т /59 настай, эрэгтэй/ 2 метр гүн нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, зөрчилийн 1 орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүнс трейд” ХХК-ийн 48 айлын орон сууцны гадаа эзэнгүй тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Green house” хотхоны 77 дугаар байрны 36, 37 тоотод иргэн Б, Ч нарын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 11 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 18 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхарт бохир усны хоолойн дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Давсны булгийн 9 дүгээр гудамжийн 24 тоотод иргэн Х-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 19:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Силикатын үйлдвэрийн хашаанд нүүрс дамжуулах агуулахын 72м2  бүхий талбайд 30 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.13-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

6. Мэдээлэл

Үер болсон тухай мэдээлэл: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн нутаг дэвсгэрт 2016.07.12, 13-ны өдөр усархаг бороо орсны улмаас уруйн үер болж тус багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас, “Шар бууцын-Ам” гэдэг газар хүртэл 10 орчим км-т авто замаар, автомашин зорчих боломжгүй болсон тул тус аймгийн авто зам засварын “Их богд” ХХК-ийн 5 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаар 2016.07.12-13-ны өдрүүдэд бороо орсны улмаас сумын төвийн үерийн далан сэтэрч Шинэ сумын төв усанд автах нөхцөл байдал үүссэн тул 2016.07.13-ны өдрийн 12:10 цагт сумын мэргэжлийн ангийн албан хаагчид сэтэрсэн даланг сэргээж, шуудуу татаж үерийн усыг зогсоосон.

Цахилгаан тасарсан тухай: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутгаар 2016.07.13-ны өдрийн 00:10 цагын орчимд усархаг, аадар бороо орсний улммаас Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур 15 багана унаж сумын төвийн цахилгаан тасарсан тухай мэдээлийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.  Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажлийн хэсэг томилогдон ажиллаж байна.

Усны ослоос урдчилан сэргийлэх, завьт эргүүл ажиллсан тухай: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ахлах ахлагч Г.Гантулга, а/а Д.Батхүрэл, а/а В.Нямсүрэн, а/а Э.Давхарбаяр, д/а Г.Гансэлэм нар усны ослоос урдчилан сэргийлэх ажлаар Орхон голын дагуу завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Сүхбаатар сумын Буурхээр багийн “Бургастай тохой” гэдэг газар Орхон голын усанд живж байсан иргэн М /22 настай, эмэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрээлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top