ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиллаж байна.
Шуурхай ажлын хэсэг үерийн гамшгийн нөхцөл байдал, аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон гамшгаас хамгаалах албадын гамшгийн хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй биечлэн танилцаж, үерт өртсөн айл өрхүүд, иргэдтэй уулзлаа.
Үерт өртөн орон гэргүй болсон иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Иргэдээс болон аймаг, орон нутгаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 70 гэрийг олгохоор шийдвэрлээд байна.
Улмаар аймгийн Онцгой комиссыг өнөө оройны 20:00 цагаас яаралтай хуралдуулж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тус аймагт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон аймгийн Онцгой комиссын удирдлагатай шууд холбогдон видео хурал зохион байгуулах гэж байна.