Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, говь талын зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, говь талын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасана. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн зарим газраар, 17,18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар, 17-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

 

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Уснаас эрэн хайх: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг “Гүүрний-Ам” гэдэг газар Туул голын усанд иргэн У /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:35 цагт /18:50 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой баг /сумын төвөөс 45 км/, тус аймгийн “Эрдэнийн шим” ХХК-ийн цахилгаан холбож байсан ажилтан иргэн Б /19 настай, эрэгтэй/ Булган голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 18:04 цагт /20:24 цаг/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, цагдаагийн газрын 2 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 9 албан хаагч, 1 автомашин “Эрдэнийн шим” ХХК-ийн 7 хүн, 1 автомашин, ар гэрийн 10 хүн, 2 автомашин нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн “Бойны тохой” гэдэг газарт Орхон голд 3 хүн уначихлаа гэсэн дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 22:50 цагт /23:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /35 настай, эрэгтэй/, М /38 настай, эрэгтэй/, Д /25 настай, эрэгтэй/ нар усанд согтуугаар орж байгаад цүнхээл усанд живж, гарч чадахгүй байсныг авран анхны тусламж үзүүлж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 40 дүгээр гудамжийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт хүн гарсан байна гэсэн дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 17:23 цагт /18:30 цагт/ хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/-ыг өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

                                                                3. Аюулт үзэгдлийн талаар:

Ус, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут баг “Түйн” голд 18-64 ДАР улсын дугаартай УАЗ469 загварын автомашинтай 5 хүн усанд суусан тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 09:15 цагт /10:10 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин багийн “Хүйтний хөндий” гэдэг газар /төв засмал замаас хойд зүгт 4 км-т/ “Хино” загварын автомашинтай 2 хүн шаварт суусан тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 10:50 цагт /11:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Алтан сандал” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ 61-30 УНН улсын дугаартай “Пийт” загварын автомашинтай 5 хүн голд суусан дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 10:49 цагт /11:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;   

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хотонт багийн “Баянгийн хоолой” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 23 км-т/ 08-88 УНИ улсын дугаартай “Ланд 200” загварын автомашинтай 6 хүн шаварт суусан дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:30 цагт /15:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;

Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн нутаг Орхон голын Уушигийн гармын хөвдөг гүүрээр иргэн Б 25 ширхэг хонь ачсан “Пронтер” загварын автомашинтайгаар гатлах гэж яваад унасан тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 13:25 цагт /14:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус татан гаргасан.

                                                                                                                          

                                                                  4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Төмөрчний гудамж “Тэбо” ХХК-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 02:34 цагт /03:30 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын замд иргэн М-н 55-21 УБТ улсын дугаартай “Хюнда Саната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 23:01 цагт /24:02 цагт/ хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top