Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.  Зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 22-нд зарим газраар, 23-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Говь талын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Ж.Хүдэр /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.07.18-ны өдөр анх осолдсон газраас Цагаан булан гэдэг газар хүртэл 50 км-т газар завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

 

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд Туул голын усанд  хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2016.07.18-ны өдрийн 15:53 цагт /17:17 цаг/ тус тус хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, овог тодорхойгүй Хасар /15 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Ус, шаварт саатсан: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн 3 айлын гэр, хашаа Турганы голын усанд автагдаж байна гэсэн мэдээллийг 2016.07.18-ны өдрийн 03:18 цагт /04:10 цагт/ хүлээн авсан. 2016.07.18-ны өдөр орон нутгийн захиргааны байгууллагаас 18 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сэтэлсэн газрыг нөхөн сэргээх ажил явагдаж байна.                                                                         

  4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46 дугаар гудамжийн 634 тоотод иргэн Н.Мөнхбаярын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.18-ны өдрийн 14:03 цагт /16:43 цаг/ хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг 8 дугаар багийн “Нанзад”-ын 4 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Т.Оюуны гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.18-ны өдрийн 10:32 цагт /10:43 цаг/ тус тус хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйээр ажиллаж, уг гал түймрийн ойролцоо орших байшингын ханад цонолт үүсэж гал гарч байсныг тус тус унтраасан.

  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top