1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 10 хороо, 7 дугаар гудамжийн 19 тоотод оршин суудаг иргэн Н /58 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрөн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голын усанд Х /66 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.24-ний өдрийн байдлаар гол үертэй, харагдах нөхцөл хязгаарлагдмал, эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсний үндсэн дээр түр зогсоосон.
Ус, шаварт саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Байдаг богд амралтын газрын урд Туул голын усанд иргэд 5 автомашинтай суусан тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 03:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 5 автомашиныг татан гаргаж, усанд боогдсон 43 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан.
3.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын зүүн талд нуурын 18 дугаар гудамжийн 351 тоотод дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 23:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг галд түймэрт иргэн О-н 15х3 хэмжээтэй 2 давхар барилгийн дээвэр, 2 дугаар давхарын эд хогшлын хамт, уурын зуух, иргэн А-н 12х5 хэмжээтэй агуулахын хойд талын дээвэр, хана, нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх 380вт цахилгааны утас зэрэг шатаж байсныг унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар
Тээврийн хэргслийн осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн Дулаан тосгоны авто замын зорчих хэсэгт “AСCENT” загварын автомашин онхолдсоны улмаас төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 10:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Ж /49 настай, эрэгтэй/, Б /53 настай, эмэгтэй/, Ж /49 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн НЭЯТТөвд,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бэлэн далай багийн “Орхон”-ны гүүрны авто замын зорчих хэсэгт гадаадын 2 иргэн, мотоцикльтэй явж байгаад хоорондоо мөргөлдөж бэртсэн тухай дуудлагыг 2016.07.24-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, тус аймгийн Гал унтраах аврах 61 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн Andrea Brosnan /39 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР