1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Орхон, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна
Төлөв байдал: 27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, говь, талын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 10 хороо, 7 дугаар гудамжийн 19 тоотод оршин суудаг иргэн Н /58 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрөн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Мухар дөхөм” гэдэг газар /сумаас урагшаа 18 км/-т Гүн нуурын усанд М /5 настай, эрэгтэй/ осолдсон дуудплагыг 2016.07.25-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.25-ны өдрийн 16:52 цагт эргээс 14 м, 5 м гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Сонсголон”-гийн гүүрний дэргэд Туул голын усанд иргэн Б /19 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Сонсголонгийн гүүнээс баруун тийш Био комбинатын гүүр хүртэл Туул голын усанд, эрэг сав дагуу газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Ус, цас, шаварт саатсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Далан багийн “Улаан шороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойшоо 9 км/-т 1 зорчигчтой автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа- овоот” гэдэг газар малчин Ч-н 1 үхэр 2016.07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2016.07.18-ны өдрийн а/82 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тус тус тогтоосон. Голомтын бүсэд 5 өрхийн, 343 үхэр, 83 тугал, 3 нохойд галзуугийн вакцин хийсэн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Шавар жаргалант” гэдэг газар малчин Б-н 4 хонь, 1 хурганд 2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.07.01-ний өдрийн А/95 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул сумын Засаг даргын 2016.07.25-ны өдрийн А/103 дугаар захирамжаар цуцалсан.
Үер: Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж суурийн давхарт орсон усыг соруулан гаргаж, 21 иргэн, 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Нуур”-ын 18 дугаар гудамжийн 351 тоотод иргэн А-н байшинд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.26-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР