Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Монгол Улс дахь Швейцарийн хамтын ажиллагааны дэд дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Габриэлла Спирлиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Л.Өлзийбаяр нар байлцав.
Уулзалтын үеэр бригадын генерал Т.Бадрал 2016 оны 05 дугаар сард Монгол Улсын Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах чадавхид үнэлгээ хийсэн Швейцарийн хамтын ажиллагааны газрын багт дахин талархал илэрхийлээд манай улсын эрэн хайх, аврах үндэсний багийн чадавхыг дээшлүүлэхэд ШХУ, БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байгааг дурьдсан. Гурван улсын холбогдох байгууллагуудын хамтарсан уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахыг талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.