2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар борооны орсоны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд орууллаа.
Түүнчлэн энэ хугацаанд 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой 65 удаагийн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 73 албан хаагч, 11 автомашин, ус соруулах 4 техник хэрэгсэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 3 автомашинтай, нийслэлийн Гамшгаас хамгаалах 4 албаны 69 албан хаагч, 7 автомашин, нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажиллалаа.
Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага байв.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байна.