Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

DSC_6125.jpg

Онцгой байдлын албан хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын 28 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр болсон.

DSC_6070

Эдгээр албан хаагчдийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн “Тэр халуун цэгт үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах ажил биш. Онцгой байдлын албан хаагчид хуулиараа зэвсэг барьдаггүй, авран хамгаалах чиг үүрэгтэй. Одоо та бүхэн зэвсэг барьж, тухайн орны ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ёстой. Нэг жилийн хугацаанд та бүхэн ар гэрээсээ хол, үр хүүхдээсээ хол, хүнд газар очиж ажиллана. Хүнээс бүх зүйлийн чадавхи шаардана. Бие бялдрын, сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Олон аавын хүүтэй мөр зэрэгцэн явахдаа бүгдтэй нь найз нөхөд байж, хүнд үед нь тусалж дэмжиж яваарай. Та бүхнийг үүргээ сайн гүйцэтгээд хурдан ирээрэй гэж бид бүхэн, эх орон чинь хүлээж байгаа. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа. Ар гэрийнхээ асуудлыг ардаа санаа зовох зүйлгүйгээр сайхан зохицуулаад, шийдээд яваарай. Бие бялдартаа сайн анхаарал хандуулаарай. Эрүүл байгаарай. Зовсон зүдэрсэн нэгэндээ тусалж яваарай. Албаа нэр төртэй гүйцэтгээд ирээрэй” хэмээн захиж хэллээ.

DSC_6091

Энэ үеэр Төрийн далбаа болон ОБЕГ-ын тугийг зургаадугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа АТА-ийн Техникийн тусгай бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Ихбаярын Идэргаравт гардууллаа.

DSC_6137

Удахгүй эх орноосоо мордох, шинэ цагийн бахархал болон гялалзаж яваа энхийг сахиулагчдынхаа сэтгэгдлийг нь сонирхлоо.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн гал сөнөөгч, аврагч ахлах ахлагч Б.Очирбат:

-Онцгой байдлын албандаа 9 дэх жилдээ ажиллаж байна. Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь удаагаа явах гэж байна. Монгол Улсын нэгдүгээр ээлжийн энхийг сахиулагчид явахад усчин аврагчид явуулья гэж санал ирсэн. Тэгээд анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Онцгой байдлын албаныхаа болон эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Үүргээ сайн гүйцэтгээд ирнэ ээ.

Нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар:

-Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцох гэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг эр хүний, тэр дундаа цэргийн хүний хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс гэрийнхэнтэйгээ зөвлөж байгаад шалгаруулалтад оролцсон. Тэгээд сонгогдоод явж байгаадаа сэтгэл өндөр байна. Бид тэнд зэвсэг барьж үүрэг гүйцэтгэхээс гадна усны эргүүлд гарч, галын томилгоот бүлэгт үүрэг гүйцэтгэж ажиллана. Онцгой байдлын албаныхаа нэр төрийг өндөрт өргөж, үүргээ гүйцэтгэнэ гэж бодож байна. Нэр хүндтэй энэ албандаа би 17 жил ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12-р ангийн аврагч, гал сөнөөгч Н.Адьяадорж:

Энхийг сахиулах ажиллагаа бол эр хүний тэсвэр хатуужил, эр зоригийг шалгасан ажиллагаа. Тиймээс өөрийгөө сорьж, цэргийн хүний хувьд энэ ажиллагаанд оролцоод үзье гэж зорьсон. Би цэргээс халагдаж ирээд Онцгой байдлын албандаа өөрийн хүсэлтээр орсон. Энэ албандаа их дуртай. Бидний ажил дандаа бусдыг авран хамгаалж байдаг буянтай сайхан ажил. Тэгээд ч албаныхаа нэр төрийг өргөж, үүргээ сайн биелүүлээд ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

DSC_6105 DSC_6086 DSC_6085 DSC_6084 DSC_6083

scroll to top