Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.    

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, төв болон говийн аймгуудын зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, говь, талын нутгаар 34-39 градус, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын зарим нутгаар, 3, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2, 3-нд баруун болон төвийн зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн “Бор худаг” гэдэг газраас иргэн Л /50 настай, эрэгтэй/ 2016.07.28-ны өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай  дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 09:10 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч Н-ээр ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2016.07.30-ны өдрийн 21:30 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан-Уулын зүүн ширээтээс, баруун ширээт явах замд иргэн Д /32 настай, эрэгтэй/ ой модонд төөрсөн тухай дуудлагыг 2016.07.31-ний өдрийн 22:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1,  зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 89 дүгээр гудамжийн 41 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.31-ний өдрийн 22:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 14 дүгээр байрны 3 дугаар орцны 32 тоот иргэн Б-ийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 01:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 78 дугаар гудамжийн 889 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 02:07 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Мааньзав”-ын 5 дугаар гудамжийн 4 тоотод иргэн А-ын эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.31-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн  7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top