ЭМГЭНЭЛ

ravdandorj-site.jpg

Бидний дотны нөхөр, журмын анд ОБЕГ-ын ахмад ажилтан бэлтгэл хурандаа, онц гал сөнөөгч, онцгой байдлын албаны тэргүүний ажилтан, гал унтраах техникийн олон төрөлт спортын ахмад зүтгэлтэн Балжир овогтой Равдандорж нь 2016 оны 7 дугаар сарын 31-нд зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Б.Равдандорж нь 1964 онд Улаанбаатар хотод төрж 1972-1982 онд нийслэлийн 10 жилийн 51 дүгээр дунд сургуулийг төгсөж өөрийн хүсэлтээр 1982 онд АШНҮН-ийн гэрээт 14 дүгээр гал унтраах ангид гал сөнөөгчөөр орж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тэрээр Цагдаагийн дээд сургуулийн Галын техникчийн ангид 1991-1993 онд суралцсан анхдагч төгсөгчийн нэг бөгөөд 1993-1996 онд нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангид салааны захирагч, 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга, 1999-2002 онд Гал унтраах 30 дугаар ангийн захирагч, 2002-2004 онд Сэлэнгэ аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах тасгийн дарга, 2004-2008 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, 2008-2013 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга зэрэг албан тушаалд тасралтгүй 31 жил ажиллахдаа гал сөнөөгчөөс хурандаа, салааны захирагчаас газрын дарга хүртэл өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан ахмад ажилтны нэг байсан юм.

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг, Онцгой байдлын албанаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Онц гал сөнөөгч, Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнасан байна.

Бидний дайчин анд нөхрийн ажилласаг хичээнгүй, төлөв даруу, шудрага хүнлэг нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

АХМАДЫН ХОЛБОО

ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ХОЛБОО

ХАМТ АЖИЛЛАЖ, СУРАЛЦАЖ БАЙСАН ЖУРМЫН НӨХӨД

scroll to top