Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 градус  бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс 6-11 м/с. 35-37 градус дулаан байна

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Зүүн ширээтээс, Баруун ширээт явах замд иргэн Д /32 настай, эрэгтэй/ ой модонд төөрсөн тухай дуудлагыг 2016.07.31-ний өдрийн 22:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 10 хүн, 1 автомашин, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дээрх иргэн 2016.08.01-ний өдрийн 09.22 цагт Манзуширийн хийдэд очсон байна гэсэн мэдээллийг хүлээн авч эрлийн ажлыг зогсоосон.

Уснаас эрэн хайх: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Гурван ёл” гэдэг газар “Онон” голд /Онон голын гүүрнээс зүүн зүгт 6 км-т/ Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

3. Ой, хээрийн түймэр

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлэрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.08.01-ний өдрийн 22:10 цагт цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1,  зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 59 дүгээр гудамжийн 709 тоотод иргэн Я-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 11:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 26 гудамжийн 12 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 14:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /76 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий-Ус” ХХК-ийн хашаанд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 03:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Хюнтай Голд” загварын хог тээвэрлэдэг автомашин шатсаж байсныг тус тус ажиллаж унтраасан.

5.Тээврийн хэрэгслийн осол:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дастан” ШТС-ын хажууд иргэн А-н эзэмшлийн “Норд Бенз” загварын автомашин осолдож хүн хавчуулагдан нас барсан байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 55 албан хаагч, 5 автомашин сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, 5 хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 2016.08.01-ний өдрийн 23:00 цагийн байдлаар 7 цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, мөн нэр нь тодорхойгүй 6 настай охин хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top