Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 18-23 градус, Туул, Хараа голын саваар 31-36 градус, Говь, тал, хээрийн бүс нутгаар 36-41 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с.34-36 градус дулаан байна

Төлөв байдал: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7 баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-7-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн “Хар усны тохой” Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Гурван ёл” гэдэг газар “Онон” голд /Онон голын гүүрнээс зүүн зүгт 6 км-т/ Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, ар гэр болон орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.02-ны өдрийн байдлаар анх осолдсон газраас 30 км явсан эрлийг тус тус үргэлжлүүлж зохион байгуулж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис-хаан олон улсын нисэх буудлын харалдаа Туул голын усанд хүний цогцос байна гаргаж өнгө үү гэсэн дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр хаяг тодорхой бус 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ус шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Богд голын усанд LEXUS-470 загварын автомашин суусан тухай дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М-н эзэмшлийн автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.08.01-ний өдрийн 22:10 цагт цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-уул багийн 12 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Н-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 22:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багийн 28 дугаар гудамжийн 1 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 01:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Тээврийн хэрэгслийн осол:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт байрлалтай “Дастан” ШТС-ын хажууд иргэн А-н эзэмшлийн “Норд Бенз” загварын автомашин осолдож хүн хавчуулагдан нас барсан байна гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 55 албан хаагч, 5 автомашин, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, 5 хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж, иргэн А /31 настай, эрэгтэй/, З /29 настай, эмэгтэй/, М /3 настай, эрэгтэй/, Ц /42 настай, эмэгтэй/, Т /46 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/, А /15 настай, эмэгтэй/ нарын цогцсыг, 23:00 цагт гаргаж аймгийн Цагдаагийн байгууллага, М /6 настай, эмэгтэй/-н эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top