Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймгуудын зарим газраар түр зуурын бороо орсон.                          

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дарьгангын талаар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.                          

Төлөв байдал: 6-нд баруун болон зүүн аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-9-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн харалдаа Туул голд иргэн Б /18 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 18:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.04-ний өдрийн 08:53 цагт осолдсон газраас урд зүгт 100 орчим метрээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийрэгийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 21 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд иргэн Б /16 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 18:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.04-ний өдрийн 20:23 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усанд саатсан: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өнөр амралтын газрын урд Туул голд иргэн Ж-ийн “Тоёото Приус-20” загварын автомашин урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 20:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэстсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Аврах ажиллагаа: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Худгийн амны хэсгийн 1 дүгээр гудамжийн 14-ийн Б тоотод Ц /4 настай, эмэгтэй/ нойлд унасан тухай дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж хүүхдийг гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Эрдэнэчулууны хашаа, гэр усанд автсан гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, Мөрөн сумын мэргэжлийн ангиас 2 албан хаагч, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  үерийн усыг соруулж  аюулгүй болгосон.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top