Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                        

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын баруун түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь талын нутгаар   12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүсийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод  бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.              Төлөв байдал: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутаг, төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 10-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд Алтайн уулсаар, 8, 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 21 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна

Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн “Шар нуур” гэдэг газар нуурын усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж М /16 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Ус, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн Түйн голын усанд иргэн Ц /тэргэнцэртэй/ боогдоод гарч чадахгүй байна гэж дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  аюулгүй газар гаргасан.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг  багийн Дөвхөн хийдийн, Дөвхөн ууланд УАЗ-“Пургон” загварын 11 зорчигчтой автомашин, 2016.08.03-ны өдөр шаварт суусан тухай дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн ‘’Есөн-Эрдэнэ захын’’ хажууд үерийн усанд суусан 11 автомашин  урсаад  байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашинуудыг уснаас татан гаргаж, Чандман ХХК-ний ус сорох автомашиныг дайчлан Хонгор хотхон 30,38,78 дугаар байруудын доод давхрын усыг соруулж  аюулгүй болгосон.

 

 

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт “Баруун шорвог” /аймгийн төвөөс зүүн урд 25 км/ түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.05-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,1 автомашин, орон нутгийн 6 иргэн 1 автомашин, нийт 18 хүн техник хэрэгсэлтэйгээр, ажиллаж түймрийг 13:35 цагт бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 орцын  4-9 тоотод айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч Гал унтраах аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /26 настай,  эрэгтэй/. Ө нар цахилгаан зуухаа асаалтай орхиж согтуу унтаж байсныг 5 дугаар давхрын айлын тагтаар орж аюулгүй болгосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сутай Буянт ХХК-ийн урд талын хашаанд эзэн тодорхой бус  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч Гал унтраах аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Түнэл  сумын Алтгана багийн нутаг  “Сүхийн ам” гэдэг газар иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 09:52 цагт хүлээн авч Гал унтраах аврах 27 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн 4 дүгээр гудамжийн 27 тоотод иргэн А-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны 16:58 цагт хүлээн авч Гал унтраах аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Ялалт”-ын 8 дугаар гудамжийн 11 тоотод иргэн У-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.06-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч Гал унтраах аврах 52 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

5. Тээврийн хэрэгслийн ослын талаар

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хуучин 22-ын товчооны баруун талын автозамын уулзварын зорчих хэсэг дээр зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд бага насны хүүхэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  том оврын “HYUNDAI”, “Nissan Rnessa”, “Портер”, “Lаnd-Cruiser-77” загварын нийт 4 автомашин мөргөлдөн “Nissan Rnessa” автомашинд зорчиж явсан  иргэн И /52 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, хүнд хөнгөн гэмтэж бэртсэн 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орох автозамын зорчих хэсэг дээр зам тээврийн осол болж автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 20:18  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, нэмэлтээр Нийслэлийн аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашин, нийт 14 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, орон нутгын авто зам дээр “Лэнд-Cruiser 200” загварын автомашин, “Prius-20” загварын автомашин мөргөлдөн зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхэд хамт шатсан  байсныг унтрааж, 7 хүний цогцсыг Цагдаагийн байгуулагт шилжүүлэн өгсөн. “Лэнд-Cruiser-200” загварын автомашинд зорчиж явсан Б /33 настай, эрэгтэй/ Э /28 настай, эрэгтэй/ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top