Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс 6-11 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Говийн бүсийн нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 26-28 градус дулаан байна

Төлөв байдал: 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр 16-18 м/с хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт /22:20 цагт/;  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.06-ны өдөр Бүдүүний гүүрнээс Шар эрэг хүртэл 12 км газар 3 удаа шумбалт хийж, моторт завиар 30 км газрыг 2 удаа явж самналт хийсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Хүннү тур” амралтын газрын харалдаа Туул голд иргэн Б /24 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.06-ны өдрийн 12:17 цагт /12:40 цагт/; хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж цогцсыг 14:00 цагт уснаас олж гарган Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Н ахалсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн “Бойны тохой” гэдэг газар Орхон голын усанд иргэн Б /18 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар боогдсон тухай дуудлагыг 2016.08.06-ны өдрийн 20:52 цагт /20:59 цагт/ тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 36 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эсэн мэнд гарган аюулгүй болгосон.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн Дөвхөн хийдийн, Дөвхөн ууланд 00-54 ХӨВ улсын дугаартай УАЗ-“Пургон” загварын 11 зорчигчтой автомашин, 2016.08.03-ны өдөр шаварт суусан тухай дуудлагыг 2016.08.05-ны өдрийн 21:03 цагт /23:50 цагт/; хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 2016.08.06-ны өдрийн 10:55 цагт татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гүүрний дэргэд Туул голд 46-03 УНЖ улсын дугаартай Toёота Халиукс загварын автомашинтай 5 иргэн усанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.08.06-ны өдрийн 12:10 цагт /12:50 цагт/ тус тус хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 2016.08.06-ны өдрийн 14:25 цагт татан гаргасан.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт /21:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

4. Объектын гал түймэр: 

Дархан-Уул аймгийн Дархан сумын Угалз багийн 1 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Ц -ын 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.06-ны өдрийн 13:44 цагт /13:57 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 22 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

5. Тээврийн хэрэгслийн ослын талаар: 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс 12 км/-т 73-74 БӨТ улсын дугаартай Камаз загварын автомашин онхолдсон тухай дуудлагыг 2016.08.07-ны өдрийн 00:35 цагт /00:55 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /25 настай, эрэгтэй/ машинд хөл нь дарагдсан биеийн байдал хүндэвтэр, Ж /22 настай, эрэгтэй/ биеийн байдал дунд зэрэг байсныг эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт, иргэн Е /52 настай, эрэгтэй/ эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.     

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top