Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун зүгийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Говь, талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с, 11-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.07-ны өдөр Бүдүүний гүүрнээс Шар эрэг хүртэл 12 км газар 3 удаа шумбалт хийж, моторт завиар 30 км газрыг 2 удаа явж самналт хийсэн.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол жуонли” жоншны уурхайн цөөрөмд /Сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 2 хүүхэд осолдсон дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 00:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр иргэн Г /16 настай, эрэгтэй/, А /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 3. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т 2016.08.07-ны өдрийн 17:41 цагт /У-49046/00//, Ө-92080/00/// 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Б-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Үер: Увс аймгийн Улаангом сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас Улаангом сумын 8 багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр унаж, 15 орон сууц, 5 албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараж усанд автсан мэдээллийг 2016.08.07-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж голын сав  дагуух айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, байр орон сууцны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

4. Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.07-ны 23:00 цагт түймрийг цурманд оруулсан. 

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжийн 9-А тоотод иргэн Х, Х нарын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.07-ны өдрийн 14:07 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 18-ийн задгайд иргэн Г-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.07-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 4 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн С, Б нарын 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.07-ны өдрийн 22:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 29 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6. Химийн хорт бодистой холбогдолтой ослын талаар: 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлагыг 2016.08.07-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 10, НОБГ-ын 1, Цагдаагийн 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын албаны 2 байцаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз” загварын автомашиныг аюулгүй болгосон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top