Ч.Туяа: Энэ жил 17 удаа үер буусан

2.jpg

ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас сүүлийн үед болсон үерийн талаар тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол оо?

-Зургадугаар сард усархаг бороо их орж, долдугаар сарын сүүлчээр 30-40 хэм давж халсан. Их халсан газарт үер буух эрсдэлтэй. Мөн орон нутгийн онцлог, байршил нь үер буухад нөлөөлдөг. Баян-Өлгий, Увс аймаг, Архангайн Жаргалант сумын иргэд уулархаг газар суурьшсан учраас уулын усны үерт өртөх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа юм.

-Он гарсаар манай улсад хэчнээн удаа үер болж, хэр хэмжээний хохирол учирсан бэ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар байна вэ?

-ОБЕГ-т ирсэн бүртгэлээс харахад долоон аймгийн 16 сум болон нийслэлд 17 удаа үер болжээ. Үүний улмаас Говь-Алтайн Дарви, Орхон аймгийн Баян-Өндөр, Баян-Өлгийн Өлгий суманд өнгөрсөн сард болсон үерт дөрвөн хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байсан. Мөн 194 гэр, байшин үерт автсан. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад үер буусан тохиолдол их байна. Айлууд голын эрэг дагуу олноор суурьшсан нь үерт автах нөхцөл бүрдүүлж буй юм.

Бороо их орсны улмаас орон нутгийн зарим зам шавар шалбаагтай болсон. Шаварт тээврийн хэрэгсэл суусан гэх дуудлага цөөрөхгүй байна. Голын ус нэмэгдсэн тул гарц, гармаар гарахад ч хүндрэлтэй байгаа. Тухайлбал, Завхан аймгийн Солонготын даваа ийм байдалтай байна.

-Баян-Өлгий аймагт болсон үерийн хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Үерийн улмаас 361 өрхийн 1661 иргэн энэ гамшигт өртөн, 2.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсын Засгийн газар, Казахстан улс, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхан гамшигт нэрвэгдсэн хүмүүст хандив, тусламж үзүүлснээр бүх айл орох оронтой боллоо. Харин шинэ газарт буусан айлуудын дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байгааг холбогдох яаманд нь бид уламжилсан.

-Тэгвэл Увс аймагт одоо ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Наймдугаар сарын 7-нд Увс аймагт 10 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо орсон. Тухайн газар нутагт 286 дугаар тогтоолд зааснаар гамшиг болсон гэж үзэж байгаа. Үер буухын зэрэгцээ хүчтэй салхи шуурга болсон. Энэ үеэр 20 гаруй айл өрх орон гэргүй болж, 500 гаруй айлын гэр усанд автсан. Орон нутгийн Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагынхан одоо ч ажиллаж байгаа. Гэр хорооллын айлуудын бохир хальсан учир халдварт өвчин гарахаас сэргийлж тэр хавийг ариутган, халдваргүйжүүлж байна.

logo_new

scroll to top