Үер, усны ослоос урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа

DSC_6275.jpg

Үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, ахмад Ч.Туяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн (хүүхэд-31, насанд хүрэгсэд-62) амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24,0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тиймээс “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 1415, “Бэлэн байдлыг хангах тухай” 6/1496 дугаарын албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Тухайлбал, Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс 8 албан хаагч өдөр бүр 10-20 цагийн хооронд Туул голын эрэг орчмоор эргүүл хийн 5000 гаруй иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө  өгч байна.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүс усанд их ордог газруудад өдөр бүр 8 албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 2016 он гарсаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод болсон  17 удаагийн үерт 3 хүүхэд, 1 том хүн, нийт 4 хүн амь насаа алдаж, 196 гэр байшин өртсөн байна. Тиймээс Үерийн эрсдэл бүхий газар суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай шуурхай зохион байгуулахыг орон нутагт үүрэг болгосон гэлээ.

DSC_6281

Нийт голуудын усны түвшин нэмэгдсэн, түүнчлэн бороо хур их орж байгаатай холбоотойгоор тогтоол ус бий болсон. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алдаад байна.

Үүнээс гадна одоо намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа.

Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол  иргэд аюулт үзэгдэл, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг Хэвлэлийн хурлын үеэр онцгойлон анхаарууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд 2016-2017 оны өвөл цас их унаж, их хүйтрэлт болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллага анхааруулсаар байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн гызрын  2016 оны 322 дугаар тогтоол “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”, 338 дугаар тогтоол “Төв суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай”, Улсын онцгой комиссын 2016 оны 02 дугаар албан даалгавар гарсан.

DSC_6272

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас орон нутгийн онцгой байдлын газрын удирдлагатай “Дүрст” хурал зохион байгуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд болон Онцгой байдлын газар, анги байгууллагын барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын нөөцийн өвс, тэжээлийн тендерийн үнэлгээний хороонд шаардлагатай албан тушаалтнуудыг оролцуулан шалгаруулалтыг эхлүүлэх, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах, орон нутгийн онцлогт тохируулан бүрэлдэхүүний шинэчлэлд өөрсдийн саналаа тусгаж батлуулах талаар үүрэг чиглэл өгөөд байна.

Хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян “Энэ жил Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд зуншлага сайхан байгаа ч өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг алгуурлалгүй хийх хэрэгтэй. Өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй. Мөн гол, мөрний усны түвшин нэмэгдэн үертэй болсон тул хадлан, тэжээл бэлтгэх ажилд хүндрэл гарах магадлалтай, зарим аймаг, сумдад голын ус эргээсээ хальж үерлэсний улмаас хадлангийн талбай усанд автагдах, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан байх эрсдэлтэйг харгалзан үзэж, судлах хэрэгтэй байна. Иргэд, малчдад 2016-2017 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тухай мэдээллийг хүргэж, өөрсдийн хүн хүч, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлж, хаваржуулах, дулаан хувцас, тэжээллэг хоол хүнсний зохицуулалтыг эртнээс хийж, бэлтгэх тал дээр анхаарах шаардлагатай юм” гэлээ.

scroll to top