Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Баян-Өлгий аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Бүх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим газар, баруун болон говь аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 29-34 градус, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд зарим газраар, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр  2-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Хэвтээгийн дов” гэдэг газраас иргэн А /32 настай, эрэгтэй/ 2016.07.25-ны өдрийн өглөөний 07:00 цагийн үед гэрээсээ морьтой гараад одоо болтол алга сураггүй болсон тухай дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 6 иргэн, 2 автомашин, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр, эрэн хайх ажиллагааг 2 удаа зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2016.08.15-ны өдрийн 10:00 цагаас ар гэрийн хүсэлтийн дагуу дахин эрлийн ажиллагааг Булган уулын зүүн, баруун сугаар самналт хийж цогцсыг 2016.08.15-ны өдрийн 13:39 цагт /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км орчим/ Мааньт уулын жалганаас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Увс” нууранд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км/-т иргэн Ө /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 23:00 цаг хүртэл зохион байгуулж харанхуй болсон тул 2016.08.16-ны өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлж байна.

 3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Өвөр бүрд” гэдэг газар малчин Н 1 үхэр 2016.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Боом” өвчин болох нь тогтоож сумын Засаг даргын 2016.07.27-ны өдрийн А/60 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл нэмэгдэж гараагүй тул тус сумын Засаг даргын 2016.08.15-ны өдрийн А/65 дугаар захирамжаар;

Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа-Овоот” гэдэг газар малчин Ч 1 үхэр 2016.07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоож тус сумын Засаг даргын 2016.07.18-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл нэмэгдэж гараагүй тул тус сумын Засаг даргын 2016.08.01-ний өдрийн А/88 дугаар захирамжаар тус тус цуцалсан.

                                                                            4.Үер:

Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн нутаг “Эгийн гол”-ын усны түвшин ихэссэнээс гүүрний 2 талын үерийн далан сэтрээд машин, хүн зорчих боломжгүй болсон тухай 2016.08.13-ны өдрийн 15:00 цагт  хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.08.15-ны өдрийн байдлаар Эгийн голоор нийт 85 хүн завиар гаргаж ажилласан.

                                                           5. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хүлэг” төвийн ундааны цех шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 08:43 цагт  хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжийн 221 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн Хөтөл хорооллын 14 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн З байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.  

                                                        6.Тээврийн хэрэгслийн ослын талаар 

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 7 км/-т Булган аймгаас Орхон аймгийн чиглэлд явж байсан “Пруис-20” загварын автомашин замын хажууруу унасан, 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 17:25 цагт /17:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Х /30 настай, эрэгтэй/ газар дээрээ нас барж, иргэн П /36 настай, эрэгтэй/-гийн биеийн байдал хүнд гэмтсэн байдалтай байсныг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top