Он гарсаар усны ослоор 31 хүүхэд, 62 насанд хүрэгсэд буюу нийт 93 хүн амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Тиймээс “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Мөн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Усанд амь насаа алдах тохиолдлын олонх нь нийслэлд байгаа юм. Тиймээс манай сурвалжлах баг онцгой байдлын байгууллагатай хамтран өнгөрсөн бямба гаригт Туул гол дагуух амрагчдыг сурвалжилсан юм. Бидэнтэй хамт Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Ууганбаяр болон Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Ч.Артаг нар явж Баянзүрх дүүргийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх гол, усны ай сав газрыг хариуцан хянаж байгаа албан хаагчдын ажилтай танилцсан юм.
Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Хадан цохионоос Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүр хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Гал унтраах аврах ангийн нийт 103 албан хаагч өдөр бүр эргүүлд гарч байна.
Хэсэг тус бүрт 8-9 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дунд усчин аврагч, химичин аврагч, шүхэрчин аврагч гээд бүх төрлөөр мэргэшсэн аврагч нар байна. Баг бүр дөрвөн км газар хариуцан голын эрэг дагуу амарч, аялж буй хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Тэд 11:00- 21:00 цагийн хооронд Туул голын эрэг орчмоор эргүүл хийж иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө өгдөг ажээ.
Амрагчдад усны ослоос сэргийлэх чухал санамжуудын нэг бол голын эрэг дагуу анхааруулах самбар байршуулах явдал юм. Онцгой байдлын албаныхан бямба гаригийн байдлаар хоёр самбар байршуулж, 1652 санамж бичиг тарааж, 364 автомашиныг голын эргээс зайчилжээ. Мөн зургаан автомашиныг уснаас гаргасан байна.
Бидний очсон эхний хэсэг бол Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын үүргээ гүйцэтгэж буй Баянзүрхийн товчоон дахь Туул гол. Тэнд нийт есөн албан хаагч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооноос ХанУул дүүргийн Маршалын гүүр хүртэл голын эрэг дагуу эргүүл хамгаалалтад ажиллаж байсан юм.
Эргүүл хамгаалалтад ажиллах хугацаанд голын эрэг дагуу иргэдэд санамж хуудас тарааж, автомашинтай гол гаталж байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг хязгаарлаж, гарч болзошгүй ослоос сэргийлж ажилласнаа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах X ангийн IV салааны захирагч дэслэгч П.Чинзориг ярилаа.
Нэг албан хаагч ойролцоогоор хоёр км орчим газрыг хянаж явганаар эргүүл хийж байна. Техник хэрэгслийн хувьд 100 хувь хангагдаагүй ч олс, усны гутал зэргээр аврах ажиллагаанд бэлэн байлаа. Тэдний хувьд 24 цагийн ээлжинд гараад үргэлжлүүлэн 12 цаг эргүүлд гарч ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө амралтгүйгээр ажиллаж байна.
Энэ тухай дэслэгч П.Чинзориг “Ойрын өдрүүдэд бороо их орсноос болж голын усны төвшин үерийн хэмжээнээс ихэссэн байгаа. Энэ үеэр иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноор осол эндэгдэл их гарч байна. Иргэд биднийг эргүүл хамгаалалтад ажиллах үед үл тоомсорлох, шаардлага биелүүлэхгүй тохиолдол их гардаг ч үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд бороо хур их орж байгаатай холбоотойгоор тогтоол ус олноор бий болсон байна. Ийм үед эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архидан согтуурах, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордгоос амь насаа алдаж буйг аврагчид онцолж байлаа.
Маршалын гүүр орчим Туул голын эрэг дагуу зөвхөн Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэд гэлтгүй бусад дүүргийн иргэд, амрагчид зорьж ирдэг байна. Ялангуяа амралтын өдрүүдээр эрэг дагуух хүмүүс олширч, тэр хэрээр болзошгүй аюул осол нэмэгдэж байгаа юм. Сурвалжлагын явцад амрагчдаас усны ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах мэдлэгтэй эсэхийг лавлахад олонх нь толгой сэгсэрч байв. Түүнчлэн хамт олноороо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон хүмүүс ч харагдаж байлаа.
Иргэд онцгой байдлын аврагчид эргүүл хийж байгаа гэсэн мэдээллээр тайвширч, өөрсдийн сонор сэрэмжийг алддаг тохиолдлууд ч гардаг байна. Албаны хүний хэлж буйгаар амарч яваа иргэдийн дийлэнх хувь нь яаралтай үед хаашаа залгахаа мэдэхгүй, хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар болон гамшиг гэж юу болох талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг байна.
Ямар нэгэн осол гарсан тохиолдолд цаг алдалгүй дуудлага өгөлгүй өөрсдөө аврах гэж оролддог, цаашлаад нэгнийгээ аврах гэж ус руу орсноос өөрөө эндэх тохиолдол олон, бас цаг алдсанаар аврах боломжийг бууруулдаг байна.
Тийм учраас цаашид гамшгийн сургалт, мэдээ мэдээллийг цэцэрлэгийн наснаас нь эхлүүлэн сургалт явуулах, сэтгэхүйд нь суулгах хэрэгтэйг иргэдэд сануулж байв. Мөн ард иргэд ямар нэгэн осол тохиолдоход шууд дуудлага өгөх, тавьж буй санамж сэрэмжлүүлэг, шаардлагуудыг хүлээн авч биелүүлэн хамтран ажиллахыг хүссэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Энхжин А.Намуунаа