“Хобби” буландаа Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Батсүхийн Наранбаатарыг онцоллоо.
-Таныг “Хобби” буландаа урьсан шалтгааныг таамаглаж байгаа байх. Таныг их гарын уртай гэж сонслоо. Аврагч хэмээх хүнд хүчир ажлынхаа хажуугаар хоббиг сонирхмоор санагдлаа…
– Сониныхоо дугаарын зочноор урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Миний хувьд модоор сийлбэр хийдэг. Багадаа зураг зурах дуртай байсан. Түүнээс биш сийлбэрчнээрээ төгссөн сургууль, сурсан ном гэж байхгүй ээ /инээв/
Манай хадам ах Төв аймагтаа нэртэй сийлбэрч байдаг юм. 2000 оноос хадам ахыгаа дагаж суралцаад, хамгийн анх битүү сийлбэртэй морин хуур сийлж, эрээлж эхэлсэн дээ.
2009 онд Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон юм. Монгол Улсаа сурталчлах өрөөг өөрийн бүтээлээр бүрэн тохижуулсан. Гадныхан ихэд сонирхсон. Монгол авдар, ширээ, сандал, ханын самбар, хаадын зураг зэргийг сийлсэн. Монгол улсаа бага ч болтугай сурталчилж чадсандаа баяртай байдаг. Мөн Монголынхоо албан хаагчдад зориулан бурхан шашны өрөөг тохижуулж найман тахил, гүнгэрваа хийсэн.
-Гэр орноосоо хол яваа албан хаагчдад их сайхан зүйл хийж өгч дээ.
-Тийм шүү. Олон сараар гэр орноосоо хол, ээж, аав, хань, үр хүүхдээ санаж яваа бидний хувьд сэтгэлээ засаад бурхан тахилдаа мөргөөд ажилдаа гарах сайхан байлгүй яахав. Тэр өрөөндөө ном хүртэл уншуулна.
-Ном уншуулна гэхээр?
-Манай аврагчдын дунд багадаа лам байсан, ном мэддэг залуус байдаг юм билээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэдэг. Хүнд юу эс тохиолдох вэ, зарим нь өвдөнө, заримых нь гэр орноос таагүй мэдээ дуулдана, бурханыхаа өрөөнд орж залбираад гараад ирэхэд л сэтгэл сэргэчихнэ шүү дээ.
-Сонсоход сайхан байна. Таны бүтээлүүдээс харахад морин хуур, морины хусуур их хийжээ. Бэлгэдлийг нь бодоод хүмүүс их захиалах юм уу.
-Морин хуур, морины хусуур айлд байх сайн гэдэг. Суданд улаан мод гэж сийлбэр хийхэд тохиромжтой байгалийн мод байдаг юм билээ. Удирдаж явсан гурван даргадаа битүү сийлбэртэй хусуур хийж өгсөн. Морины хусуур захиална шүү.
Сар шинээр бол идээ, жүүсний цар тавагны захиалга их ирдэг. Мөн морин хуур, шатар, шагайны хашлага сийлнэ.
Газрынхаа хүндэтгэлийн гэрийг тохижуулж, модон тавилгууд сийлсэн. Хамт олон маань их дэмжиж тусалдаг. Энэ дашрамд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Төмөрбаатартаа хамт олныхоо өмнөөс баярлаж талархаж явдагаа илэрхийлмээр байна. Дарга маань албан хаагчдаа маш их дэмждэг. Ирэх наймдугаар сард Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн маань 40 жилийн ой болох юм. Бүтээн байгуулалтын ажлууд ид хийгдэж байна. Онцгой байдлын газрынхаа хашааг шинэчилж 50-60 метр хашааны гагнуураа бид өөрсдөө хийж байна.
-Албан хаагчид өөрсдөө орон сууцаа барьж байрны түлхүүрээ гардаж байсныг санаж байна…
– Дарга маань, та нар нийлээд байшин барь, дэмжинэ гэсэн. 12 айлын гурван давхар орон сууцыг бид өөрсдийн хүчээр барьсан. Одоо хоёр дах жилдээ амьдарч байна. Бүгд гэр хороололд амьдардаг байсан. Байрандаа орж, бүгд найр хийсэн. /инээв/ Манай гэр бүлийн хувьд 17 сая төгрөгөөр хоёр өрөө байртай болсон. Энэ бол бидэнд маш том хөрөнгө оруулалт.
Суданд ажиллагаанд яваад ирсэн жил. Байгууллага маань албан хаагчдын зуслангийн газартай болж бид дүнзээр 25 ижил 2 давхар зуслангийн байшин барьсан. 2,5 сая төгрөгөөр 2 давхар хаустай болсон шүү. Тэр жил самар их ургасан. Тав, зургаан албан хаагчаа самранд явуулаад зарж борлуулсан мөнгөөрөө хашааны материал авдаг байсан. Ахмадууд маань бидэнд тусалж гагнуур хүртэл хийж өгнө. Энэ жилээс гэрэл, цахилгаантай болно. Бид хашаандаа чацаргана тарьсан. Хоёр жилийн дараа жимсээ өгөх байх.
Албан хаагчдын гэр нэг дор байх нь их амар. Шөнө, орой дуудлага ирэхэд “пир” гээд л гарцгаана. Ажил ихтэй, дуудлагааар явсан үед ардаа санаа зовох зүйлгүй. Эхнэр, хүүхдээ тэдэндээ захьчихна. Энэ жил гэхэд манай аймагт малын өвчин их гарлаа. Бид Баяндэлгэр, Эрдэнэ суманд хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын пост гарган 21 хоног ажиллаад ирсэн.
-Аврагчдын маань нийгмийн асуудал энэ мэтээр шийдэгдэж байгаад баяртай байна. Хоёр өрөө байртай, хаустай аврагчид цөөхөн байх шүү…
–Даргадаа л их баярладаг даа. Албан хаагчдаа их дэмждэг. Олон хоногоор томилолтоор явна, ялангуяа аврагч хүнд гэр бүлдээ, ардаа санаа зовох зүйлгүй ажлаа хийнэ гэдэг их давуу тал шүү.
-Гэр бүлээ танилцуулаач…
-Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
-Онцгой байдлын албанд хэд дэх жилдээ ажиллаж байна?
-18 дахь жилдээ ажиллаж байна. 1998 онд анх шүхэрчин аврагчаар ажилд орсон. Төв аймгийн анхны 10 шүхэрчний нэг. Шүхэрчин аврагчаар ажиллаж байгаад сопёрчин, пиротехникч, усчин аврагчийн гээд бүх дамжааг дүүргэсэн. Манай аймаг арван хэдхэн аврагчтай учраас аврагчид бүх мэргэжлээр суралцсан. Ямар ч дуудлага ирсэн, хэн нь ч байсан явна.
-Ямар дуудлага хамгийн “хүнд” байдаг вэ?
-Миний хувьд хүүхэдтэй дуудлага гэхээр л зүрх дэлсээд явчихдаг. 2004 онд санагдаж байна, Баян-Өнжүүл суманд таван настай эрэгтэй хүүхэд алга болсон дуудлагаар ажилласан юм. Бид 11 үүлээ явсан, хоёр хоног хайлаа. Том торлогон дотор ороод нуугдчихсан байсан. Шөнө нь голыг нь хонхойлж байгаад унтдаг байсан гэсэн. Мотоциклтэй хүнээс айгаад нуугдчихсан юм билээ. Тэр хүүхэд санаанаас ердөө гардаггүй юм. Шилбүүр барьчихсан, үзүүрт нь ундааны сав зүүж уяад худаг руу тонгойлгож ус авч уудаг байсан байгаа юм. Их сэргэлэн хүү. Нялх хүүхэд яана даа, хоёр хоночихлоо гээд их түгшсэн. Хүүхдээ эсэн мэнд олоод их баярлаж билээ.
Ирж байгаа дуудлагууд ихэнхдээ иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн байдаг. Өнгөрсөн хаврын цасан шуурганы улмаас Ногоон даваан дээр олон автомашин саатсан. Нэг залуу машинтайгаа цасанд суучихсан. Цаснаас татаж гаргаад, зам хаасан, одоо буцаад яв гээд байхад л зөрж яваад дахиад цасанд суух жишээтэй. Зуны пүүзтэй, машинд нь ганц хүрз ч байхгүй. Хэнэггүй, арай дэндүү.
Түймэрт их явна. Намар бол самарчдаас болж түймэр их гарна. Наанаа сайхан ой байгаад байдаг. Ар тал нь битүү харлаад шатчихсан, нүд халтирмаар.
Цаг зав гарган, ярилцсан танд баярлалаа. Таны ажил болоод уран бүтээлд нь амжилт хүсье.