Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. Өчигдрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

                                                                     2. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүмүүнлэгийн сургуулийн оюутны  байранд тэсэрч, дэлбэрэх зүйл байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дохионы пуужин байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тасгийн дарга ахлах дэслэгч М-д хүлээлгэн өгсөн.    

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 16 тоотод хүн өөрийгөө хутгалсан хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /21 настай, эрэгтэй/ баруун гарын эрхий хуруу, гэдэсний хэсгийг зүссэн байсныг анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.   

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 24-Б байрны 12 давхарын 132 тоот айлын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Г /7 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг аюулгүй болгож эгч М-д хүлээлгэн өгсөн.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Баян сумын Цавчир багийн “Сондуулын гуанз” гэдэг газар 2016.08.23-ны өдөр малчин Б, тус сумын Өгөөмөр багийн “Агуйт” гэдэг газар малчин Т нарын 22 үхэрт малын гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус аймгийн Засаг даргын 2016.08.27-ны өдрийн А/491, сумын Засаг даргын 2016.08.24-ний өдрийн А/261 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 3 хяналтын цэгт 19 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 2016.08.28-ны өдрийн байдлаар нийт 43 үхрийг зориудаар устгаж, вакцинжуулалтад 18 өрхийн 7200 малыг буюу 26.0 хувийг хамруулж, өвчилсөн 28 үхрийг тусгаарласан.

Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн “Бор хужир” гэдэг газар малын гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.08.26-ны өдрийн 541 дүгээр хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тус аймгийн Засаг даргын 2016.08.27-ны өдрийн А/491, сумын Засаг даргын 2016.08.28-ны өдрийн А/98 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2 хяналтын цэгт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 2016.08.28-ны өдрийн байдлаар 1 үхрийг зориудаар устгаж, вакцинжуулалтад 13 өрхийн 254 мал буюу 29.8 хувийг хамруулсан.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Халиун” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 60 км-т/ хүлэрийн хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Объектын гал түймэр: Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 24 дүгээр гудамжийн  8 тоотод иргэн У-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн З-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 22:18 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М-ын “Элентра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.28-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуин хороо 3-р хэсэг 2-р гудамжийн 2 тоот иргэн П-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.29-ний өдрийн 01:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

      

                                              ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top