Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт бороо орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Бороо орохгүй. Салхи зүүнээс 6-11 м/с. 20-22 градус дулаан байна

Төлөв байдал: 1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 1,2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.08.30-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 10 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж О / 6 настай, эрэгтэй /, Б /8 настай, эрэгтэй /, Н /26 настай эрэгтэй,/, О /11 настай эрэгтэй,/ нар завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байсныг цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, иргэн Б /15 настай, эрэгтэй/-г олоогүй, харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоож 2016.08.31-ний өдрийн 07:30 цагаас эрлийг үргэлжлүүлж байна.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Түргэн багийн “Мангирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.30-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 10 хүн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Эрээн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top