Аврагчдын найдлага тасраагүй байна

Untitled-7.jpg

Италийн нийслэл Ром хотоос 100 км зайтай хотуудад өнгөрсөн лхагва гаригт 6.2 магнитудын газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн улмаас дундаж хэмжээтэй гурван хот балгас болон хоцорч, эдийн засгийн том гарз тохиож болон олон хүний амь нас хохирлоо. Байгалийн гамшгийн улмаас амь үрэгдсэн 290 хүний дунд хорвоод мэндлээд наймхан сарыг үзсэн бяцхан охин ч байв. Түүнчлэн байшин барилгын нурангид даруулан гэмтсэн 400 орчим хүн эмнэлгийн тусламж авчээ.  Газар хөдлөлтөөс хойш аврагчид амьд хүн олох найдлага тээн аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гэвч өнгөрсөн лхагва гаригаас хойш аврагчид нэг ч амьд хүнийг олоогүй аж.

2002 оны газар хөдлөлтөд сургууль нурснаас нэг ангийн багш, сурагчид бүгд амь үрэгдсэн гашуун сургамжийн дараа Италийн засгийн газраас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байруудыг шинэчилсэн стандартаар чичирхийлэлд тэсвэртэй байхаар засч, тохижуулжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт 6.2 магнитудын газар хөдлөлтөд 700 мянган еврогийн өртгөөр шинэчлэн сайжруулсан бага сургуулийн барилга нурсан нь олны анхаарлыг татаж байна. Азаар сургууль нурах үед сурагчид хичээлгүй байсан аж. Түүнчлэн Аккумоли хотноо орших цамхгийн хонх айлын байшин дээр нурж унаснаас найман сартай охин, долоон настай хүү эцэг эхийнхээ хамт амь үрэгджээ. Тус хонхыг өнгөрсөн онд тусгай санхүүжилтээр сэргээн засварласан байв. Энэ мэтээр төрийн санхүүжилтээр засч сэлбэсэн эсвэл барьж босгосон олон тооны байшин барилга 6.2 магнитудын газар хөдлөлтийг тэсвэрлэлгүй нурсныг албаныхан мөрдөн шалгаж эхэлжээ.

Газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулан улсын музейн удирдлагууд хөрөнгө босгож, сүм хийдүүд хандив цуглуулж эхэлсэн байна. Түүнчлэн томоохон сүлжээ ресторанууд гамшигт орон гэрээ алдсан хүмүүст хоол хүнсээр тусламж үзүүлж байгаа аж. Италийн Асколи Писено хотноо өнгөрсөн амралтын өдрөөр 35 хүнийг оршуулах ёслол болж, хохирогчдын ар гэрийнхнээс гадна ерөнхийлөгч, ерөнхий сайд тэргүүтэй албаныхан оролцлоо. Италийн моргуудад хэн болох нь үл танигдах олон хүний цогцос одоо болтол хадгалагдсаар байгаа аж. Тэднийг хэн болохыг нь танихаас нааш оршуулах боломжгүй юм.

Италид өнгөрсөн шөнө л анх удаа газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдэлгүй тайван өнгөрсөн байна. Газар хөдлөлтөөс хойш нийтдээ 1820 гаруй удаа их бага хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэнийг Италийн геофизик, галт уулын судалгааны төвөөс мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш 4.2 магнит хүртэлх хэмжээний олон тооны чичирхийлэл мэдрэгдэж, тэр болгонд гэмтэж цуурсан барилга нурж байгаа аж. Газар хөдлөлтийн голомтод ойр орших хот тосгодод олон зуун хүн орон гэргүй болж, майханд хоног төөрүүлж байна. Италид өмнө нь 2009 онд хүчтэй газар хөдөлснөөс 300 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

Эх сурвалж: www.news.mn

scroll to top