Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн хойноос 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

    2.1 Сураггүй болсон:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн Найрамдлын 2 дугаар гудамжийн 2 тоотод оршин суугч иргэн Г /35 настай, эрэгтэй/ 2016.09.01-ний өдрийн 11:00 цагийн орчим ус авахаар мотоцикльтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.02-ны өдрийн 07:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс 5 хүн, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аймгаас зүүн тийш 8 км-т хуучин цэргийн ангийн байрнаас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Цахир багийн иргэн М /19 настай, эмэгтэй/ 2016.08.31-ний өдрийн 10:00 цагийн орчим  мотоцикльтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.02-ны өдрийн 08:04 цагт /09:30 цагт/;аймгийн орон нутгаас 13 хүн, 4 мотоцикль, ар гэрээс 5 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.09.03-ны өдрийн 00:30 цагт Хатгал тосгоноос 17 км зайд Үрэн-Ай гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт дамч багийн “Дамч” гэдэг газраас иргэн Б /3 настай, эрэгтэй/ 2016.09.02-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.02-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 29 хүн, 2 автомашин, 4 мотоцикль, ар гэрээс 5 хүн, 1 автомашин, нийт 41 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул түр зогсоож 2016.09.03-ны өдрийн 08:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

    2.2 Уснаас эрэн хайх:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт байрлах хиймэл нууранд тус аймгийн харъат иргэн П нь усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.02-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул түр зогсоож 2016.09.03-ны өдрийн 08:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

    2.3 Ус, цас, шаварт саатсан:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Шаргалзуут багийн нутаг “Хар үзүүрийн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 14 км-т/ иргэн Э  улсын дугаартай “Экстрайл” загварын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2016.09.02-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, шаварт суусан автомашиныг татан гаргаж, 7 зорчигчийг автомашины хамт сумын төвд хүргэж өгсөн.      .

                                                  3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

 

Өвөрхангай аймгийн Богд сумын Далан багийн “Мухар булаг” гэдэг газар малчин Га хотонд үнэг дайрч 2016.08.30-ны өдөр 2 ямааг барьсан, үнэгийг устган дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “ Галзуу ” өвчин болох нь тус тогтоогдсон тус сумын Засаг даргын 2016.09.01-ний өдрийн А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.01-ний өдөр 2 ямааг зориудаар устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.   

Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн “Хонгорын-Ам” гэдэг газар малчин Ө хотонд 2016.08.29-ний өдөр 4 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.08.31-ний өдрийн 564 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоож сумын Засаг даргын 2016.08.31-ний өдрийн А/88 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.02-ны өдрийн байдлаар Голомтын бүсэд 2 өрхийн 1540 бог мал байна 8 хонийг зориудаар устгасан.

   

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top