2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр улс орон даяар эхэллээ.
Хууль сахиулах их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон тусгайлсан чиг үүрэг бүхий агентлагуудын удирдлагууд оролцлоо.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, оюутан сонсогчидтой уулзлаа.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас тус сургуульд сургалт, дадлагад ашиглах 580 гаруй сая төгрөгийн өртөгтэй, иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг гардуулсан юм.
Тус сургууль гал унтраах автомашинтай болсноор сонсогчид онолын хичээлээр олж авсан мэдлэгээ практик дээр ашиглаж суралцах чухал ач холбогдолтой болж байгааг багш, оюутнууд онцлон хэлж байв.
Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Онцгой байдлын сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогчдод зориулан хүндэтгэлийн лекц уншлаа.
Тэрээр “Онцгой байдлын алба бол Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алба. Монгол хүн өнөөдөр Онцгой байдлын албагүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхгүй болсон. Энэ бол Онцгой байдлын албаны нэр хүнд ард түмний дунд өсч, бидний ажлыг үнэлсэн ард түмний үнэлгээ юм” гээд энэ эрхэм нэр хүндтэй албаараа бахархаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсээд нийт багш, сонсогчдод сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг ерөөлөө.
Дашрамд дурдахад Хууль сахиулахын их сургууль нь энэ хичээлийн жилээс түүхэндээ анх удаа “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба“ мэргэжлээр гурван жилийн эчнээгийн элсэлт авч эхэлжээ. Мөн энэ жил “Эдийн засаг, нөөцийн удирдлага“ чиглэлээр шинээр тэнхим байгуулсан нь энэ хичээлийн жилийн онцлог болж байна.