Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 6, 7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 9-нд зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Салхи 6, 7-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн баруун болон өмнөд хэсгээр өдөртөө дулаахан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хэрц” ууланд самар түүж явсан иргэн Б /42 настай, эрэгтэй/ 2016.09.02-ны өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.04-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ар гэрийн 3 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Б самарчидын отог дээрээ эсэн мэнд ирсэн тухайгаа ар гэрийнхэндээ утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэдэг газар иргэн Г /26 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2016.09.03-ны өдөр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.04-ний өдрийн 16:05 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх:

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Наран тээл” гэдэг газар иргэн Э /33 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нар 2016.08.28-ны өдөр малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тул “Орхон” голын усанд эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.09.04-ний өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1автомашин, 1 завьтайгаар Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.09.04-ний өдрийн 18:55 цагт иргэн Д /31 настай, эрэгтэй/-гийн цогцсыг Орхон голын эргээс олсон. Иргэн Э /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

                                                                   3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Майхант”-ын 1 дүгээр гудамжын 6 тоотод иргэн А байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.04-ний өдрийн 08:22 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг галд иргэн А /70 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 31 дүгээр бранк байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн М-ийн эзэмшлийн “Дамбо” зайрмагны үйлдвэрийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.04-ний өдрийн 18:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгэээр;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн 5 дугаар байрны зоорийн давхарын шатны хонгилд их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.05-ны өдрийн 03:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.  

   

                                           ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top