Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Бороо хур элбэгтэй, хэт халуун өдрүүд үргэлжилсэн зун болж өнгөрлөө. Цаг агаарын энэ нөхцөл байдлыг дагаад усны осол өмнөх үеийнхээс харьцангуй ихэссэн. Онцгой байдлын байгууллага ямар арга хэмжээ авч ажиллав?
-Энэ зуны хувьд усанд осолдох тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байлаа. Он гарсаар 18 аймгийн 51 суманд 56 удаа, нийслэлийн зургаан дүүрэгт 32 удаа усны ослын дуудлага бүртгэгдэж аврагчид маань 21 хүнийг аварч, 118 хүн нас барсан байна. Нас барсан иргэдийн 42 нь хүүхэд, 76 нь том хүн байгаа юм.
Нийт голуудын усны түвшин нэмэгдсэн, түүнчлэн бороо хур их орсонтой холбоотойгоор тогтоол ус бий болсон. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг гарц гарамгүй газраар морьтой болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алдаад байна.
Энэ зуны хувьд зөвхөн усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор л гэхэд “Үер, усны ослоос урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги салбаруудад хүргүүлэн тодорхой ажлуудыг зохион байгууллаа.
Мөн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд гэхэд л Туул гол дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын Хадан цохионоос Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүр хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай ангийн нийт 200 гаруй албан хаагч өдөр бүр эргүүлд гарч ажилласан.
Хэсэг тус бүр 8-9 хүний бүрэлдэхүүнтэй, тэдний дунд усчин аврагч, химичин аврагч, шүхэрчин аврагч гээд бүх төрлөөр мэргэшсэн аврагчид багтаж, баг бүр дөрвөн км газрыг хариуцан голын эрэг дагуу завьт эргүүл болон явганаар эргүүл хийж голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байлаа.
-“Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар явагдсан. Ямар үр дүн харагдаж байна?
-Орон даяар зохион байгуулагдсан энэ ажлын хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдээс голын ай сав, нуур, цөөрөм, амралт сувиллын газруудад 1000 гаруй удаа 30000 гаруй км газар нутгийг хамруулан, давхардсан тоогоор 5000 орчим албан хаагч ажилласан байна.
Ингэж ажиллахдаа болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулах чиглэлээр Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан мэдэгдэл 67, танилцуулга 41-ийг хүргүүлж, хүмүүс олноор цуглардаг гол усны ай сав газруудад 212 сэрэмжлүүлэх салбар шинээр байрлуулж, 108 самбарыг сэргээн засварласан.
Мөн голын ай сав газар, нуурын эргээр амарч зугаалж байгаа 70 мянга орчим иргэнд болзошгүй үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, сурталчилгааны материал тарааж, гол мөрөн, нуураар завьтай эргүүл, эрэг дагуу автомашин, мотоциклтэй эргүүл ажиллуулж, чанга яригчаар ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, гарц, гарамгүй хэсгээр явганаар болон автомашинтайгаар голыг гатлахгүй байхыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг 78 цэгт шинээр байршуулаад байна.
Усны осол хамгийн ихээр бүртгэгддэг нийслэлийн хэмжээнд гэхэд нэгдсэн арга хэмжээ явагдсан 21 хоногийг өмнөх 21 хоногтой харьцуулахад санамж, сэрэмжлүүлэг хүргэсэн иргэдийн тоо 52,7 хувиар өсч, усанд осолдож амь насаа алдсан иргэдийн тоо 42,8 хувиар буурсан байгаа нь урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үр дүн байлаа. Энэ бүгдийг аймаг орон нутаг бүрээр ярих юм бол нэлээд дэлгэрэнгүй ярилцлага болох учраас үр дүнг нэгтгээд танилцуулахад ийм байна.
-Энэ жилийн хувьд үерийн тохиолдол бас нэлээд их байх шиг байлаа?
-2016 он гарсаар манайд ирсэн мэдээгээр 17 удаа үер болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Монгол оронд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлийн нэг бол үер усны аюул юм. Ялангуяа зуны улиралд их хэмжээний аадар бороо орж, зарим бүс нутагт хүндрэл учирдаг. Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш буюу наадмын дараа дийлэнх нутгаар их халсныг эс тооцвол нийт нутгаар хүчтэй аадар бороо цөөнгүй орсон. Улмаар зарим бүс нутагт үерийн аюул болсныг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Орхон, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын зарим дүүрэгт үерийн аюул нүүрлэж, иргэд багагүй хохирол амслаа.
Үерийн хор хохирлыг арилгах зорилгоор ОБЕГ болон тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тодорхой арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч ажилласаны үр дүнд байдлыг хурдан тогтворжуулсан. Мөн аймаг бүрт үерийн далан шуудууг засч сайжруулах ажлууд хийгдсэн. Эдгээр үерийн голомтуудад Онцгой байдлын 380 гаруй албан хаагч, орон нутгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэдийн хамт нийтдээ 450 хүн, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Ер нь жил бүр үргэлжилсэн бороо орох үеэр үер буух тохиолдол их гардаг. Газар төлөвлөлт буруу, айл өрхүүд гэрийн буурь, байшингийнхаа суурийг өндөрлөөгүй суурьшнаас болж ус тогтох нөхцөл бүрддэг. Тиймээс энэ тал дээр анхаарч үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, хашаа орчмыг өндөрлөх, үерийн ус зайлуулах далан, суваг шуудуу татах зэрэг арга хэмжээг иргэд маань өөрсдөө авч, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн орон нутагт гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, тээврийн хэрэгслийн жолооч нар зам, гарам, гарцаар зорчихыг бид байнга анхааруулж байдаг.
-Аливаа гамшиг осол ард иргэдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүсэх нь бий. Тэгвэл Онцгой байдлын албаны зүгээс явуулж байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд хэр хүлээж авч байна вэ?
-Өөрийн тань хэлдгээр иргэд маань анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж аливаа осол гамшигт өртөх нь бий. Тиймээс бид аливаа гамшиг ослын үед иргэдийг авран хамгаалахаас гадна гамшиг осол болохоос урьдчилан сэргийлэх чиглэлийг түлхүү барьж ажиллаж байна.
Үүнд иргэдийн маань оролцоо туйлын чухал. Бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сэрэмжлүүлэг явуулахаас гадна дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулж, аврагчид маань өөрсдийн биеэр явж иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажилладаг. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэгчээр бидний шаардлага, анхааруулгыг нээрээ тийм шүү, ойлголоо, баярлалаа гэж хүлээн авч, дагаж мөрдөх нэгэн байхад үл тоох нь ч байна.
Гэхдээ энэ бүгд иргэд та бүхний төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч гамшиг ослыг эрсдэл багатай даван туулахад иргэн таны оролцоо туйлын чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Иргэд та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар, дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгож чадна. Тийм болохоор иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, өгсөн анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөж байгаарай гэж хүсэх байна.
-Дэлхийн улс орнуудын жишгийг харж байхад гамшгаас урьдчилан чиглэлийн мэдлэгийг бүр бага наснаас нь суулгаж өгдөг юм билээ. Тухайлбал, газар хөдлөлт, цунамигийн гамшиг ихээр тохиолддог болоод ч тэр үү газар хөдлөлтийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг японд цэцэрлэгийн хүүхдүүд ч мэдэж байдаг. Гэтэл манай томчууд бараг мэдэхгүй гэж хэлж болно. Энэ тал дээр Онцгой байдлын байгууллага ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бол?
-Өнөөдөр дэлхий нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулж байна. Ялгаагүй манай Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ч урьдчилан сэргийлэх асуудлыг чухалчлан авч үзэж, олон төрлийн сургалт, сурталчилгааг явуулж байна.
Аливаа гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд энэ чиглэлийн мэдлэгийг олгох хэрэгтэй. Үүний тулд бид гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, команд штабын сургууль гээд олон төрлийн сургалтыг ард иргэдийн дунд зохион байгуулж байна. Албан хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг мөн зохион байгуулж, гадаад дотоодын академи, сургуулиудад сургаж байна. Тэр дундаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх насан туршийн боловсролыг олгохын тулд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдад зориулсан “Аюулгүй амьдрах ухааны үндэс” хичээлийн сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөө, гарын авлагыг боловсруулан сургалтын цөм хөтөлбөрт оруулан хэрэгжүүлэх саналаа БСШУСЯ-нд хүргүүлээд байгаа. Энэ хөтөлбөр, төлөвлөгөөг Боловсролын хүрээлэнгийн зохих мэргэжилтнүүд хянаж үзээд, санал дүгнэлтээ өгөх юм. Энэ ажил маань дэмжигдэх байх гэсэн итгэл дүүрэн байна.
Мөн их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, БСШУСЯ-ны дээд боловсролын асуудал хариуцсан газар болон МУИС-ийн эрдэмтэн багш нараар хянуулж, зохих дүгнэлтийг аваад байна. Энэ хөтөлбөрийг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар оюутнуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалтыг албан ёсоор явуулж эхлэх юм. Ингэснээр бид гамшгийн ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулах талаарх мэдлэг, чадварыг ард иргэддээ бүр хүүхэд наснаас нь системтэйгээр олгох нөхцөл боломж бүрдэж байна.
Харин ард иргэд болон байгууллагын удирдах ажилтан гэх мэт бусад ангиллын сургалтууд хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу байнга явагдаж байна. Эдгээр сургалтад зориулсан гарын авлагыг боловсруулж, хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон. Гарын авлагууд хэвлэгдсэнээр ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, удирдах албан тушаалтан, аймаг, сум, дүүргийн удирдлагууд, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгийн талаар иж бүрэн ойлголтыг авах ширээний номтой болно гэсэн үг.
Энэ мэтчилэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн олон ажлыг хийж байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, цочир хүйтэрч болзошгүй гэсэн анхааруулгыг холбогдох байгууллагууд өгч байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?
-Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын дунд үеэс ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, тариалангийн нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс хоног алдалгүй тариа ногоогоо хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн анхааруулгыг өгөөд байна.
Мөн 2016-2017 оны бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувьд өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах боломж муу, ялангуяа Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгуудын зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэх төлөвтэй байна.
Мөн цас ахиу орох төлөвтэй байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлсэн тул хадлан тэжээлээ сайн бэлтгэх, өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс оновчтой зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулья.