Онцгой байдлын алба ой, хээрийн түймэр унтраах орчин үеийн автомашин, техник хэрэгслээр хүч сэлбэлээ

DSC_8049.jpg

Онцгой байдлын албаны хүч хэрэгсэл, чадавхийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах нэгэн үйл явдал өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт  боллоо.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 ширхэг автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг техник, багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгсөн юм.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин нар оролцож буцалтгүй тусламжаар олгож буй ой, хээрийн түймэр унтраах  автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авах баримт бичигт  зурлаа.

DSC_7946

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгож буй эдгээр автомашин, техник, багаж хэрэгслүүд Монгол Улсын Онцгой байдлын албанд нийлүүлэгдсэнээр албаны бэлтгэл, бэлэн байдал эрс дээшилж гал түймэр, гамшиг осолтой тэмцэх чадавхи нэмэгдэхийн зэрэгцээ ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог хангахад ихээхэн ач холбогдолтой тусламж болж байгаа онцлоод сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Онцгой байдлын албанд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, албаны гамшигтай тэмцэх чадавхи 55 хувьд хүрсэн нь онцгой байдлын салбарын хувьд чухал дэвшилттэй тал юм” хэмээн тэмдэглэлээ.

DSC_7966

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин, “Монгол Улс, БНХАУ-ын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг нь өнөөдрийн та бүхэнд хүлээлгэн өгч буй “Монгол Улсын гал унтраах техник, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн хүрээнд олгож буй ой, хээрийн түймэр унтраах орчин үеийн автомашин, багаж техник хэрэгслүүд юм. Цаашид ч Монгол Улсын онцгой байдлын салбарын чадавхийг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.

DSC_8022

2015 онд улсын хэмжээнд 5426 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 198 хүн нас барж амь насаа алдсан бол Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 161 хүн нас барсан. Онцгой байдлын албаны албан хаагчид 2016 онд 545 хүний амь насыг авран хамгаалжээ.

DSC_8074

Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий 21 тонны усны багтаамжтай,  гал унтраах орчин үеийн эдгээр автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулсан бол  дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй багаж хэрэгсэл төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарилагдан очиж байгаа юм.

DSC_7915

scroll to top