Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ 0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв, Говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод  үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 13,14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15,16-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний доод талд Туул голд хүүхэд усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 15:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн З /11 настай, эрэгтэй/ осолдож нас барсан байсныг цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 10 хүн, 3 автомашин, нийт 21 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул 2016.09.12-ны өдрийн 08:00 цагаас үргэлжлүүлж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун турууны 11 дүгээр гудамжийн 25 тоотод гүнийн худагт хүн осолдсон тухай дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 4 м-н гүнтэй худагт /агааргүй орчинд/ хар тос хайлуулж гал алдсанаас дэлбэрэлт үүсч иргэн Н /40 настай, эрэгтэй/ осолдож нас барсан байсныг цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Ш.Сүхбаяр /49 настай, эрэгтэй/-н нүүр гар, цээж түлэгдсэнийг ГССҮТ-д хүргэж хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 22 дугаар байрны 7 тоотын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/-г аврах олсоор буулган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Хөөвөр гэдэг газар “Пробокс” загварын 04-52 СҮА улсын дугаартай суудлын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2016.09.12-ны өдрийн 05:00 цагт /06:50 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг шавраас татан гаргаж, зорчигчдын хамт аймгийн төвд авчран аюулгүй болгосон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.                                                              

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Дэлгэр-Үүд” ХХК-ны вакуум цонхны үйлдвэрийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 15:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, нэмэлтээр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашин, нийт 15 албан хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 45 дугаар гудамжийн 631А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжийн 759 тоотод чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 4. Техникийн холбогдол осол:

Тээврийн хэрэгслийн осол: Булган аймгийн Булган сумын Хужирт багийн нутаг “Хужирт толгой” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-н эзэмшлийн 60-57 БУЛ улсын дугаартай “Аксент” загварын суудлын автомашин онхолдож төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.09.12-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top