Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр  үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх хэсэг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, төв, говийн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 градус, говийн бүсийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангийн 45 хүн, 8 автомашин, орон нутгаас 35 иргэн, 3 автомашин, нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Х.Жылхышы /14 настай, эрэгтэй/-н цогцсыг “Мөхөөгийн тохой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, үлдсэн хүүхдийн эрлийг үргэлжлүүлж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Уран дөш багийн “Гахайн давааны дээд булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голын усанд иргэн Н /16 настай, эрэгтэй/  осолдсон тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар, ар гэрийнх нь 5 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.09.15-ны өдрийн байдлаар усаар, голын эргээр 35 км-т самналт хийсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Шаварт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ иргэн Ө /10 настай, эрэгтэй/ гадаа тоглож байгаад сураггүй болсон гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 45 дугаар ангийн 14 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрийнх нь 13 хүн, 4 автомашин, нийт 31 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр;

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн  “Хөх чулуут” гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ иргэн Н /56 настай, эмэгтэй/ 2016.09.13-ны өдрийн 17:00 цагийн орчим самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа тус тус зохион байгуулж байна.

3. Газар хөдлөлт:

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т  /У.45078/00// Ө.94004/00/// 2016.09.15-ны өдрийн 09:40:41 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сумын Засаг дарга А.Мягмаршагдартай холбогдоход иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй байлаа.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.                     

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 ДЦС-ын дэргэд иргэн Н-н байшин, дулааны шугамын 10 орчим метр дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 22 дугаар гудамжийн 80 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 2-р байрны 2-р орцны 4-н давхарын 00-н өрөөний  айлын эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар                                    

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Сузуки Свифт” загварын автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан иргэн И /26 настай, эрэгтэй/ Т /27 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн НЯТТТ-д, овог, нэр нь тодорхойгүй 45 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top