Байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж газар хөдлөлтийн асуудлаар хэлэлцлээ

DSC_8441-1.jpg

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг байгуулж байсан. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан тус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг шинэчлэн баталсан юм.

DSC_8467

Байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд баталж, тус зөвлөлийн үйл ажиллагааг удирдана, зөвлөлийн ажлын алба нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар байдаг.

DSC_8445

Хуралдааны эхэнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, тус зөвлөлөөс гаргасан “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”, түүний хэрэгжилтийн талаар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

DSC_8473

Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдарч байна. Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн.

1957-2011 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод 3.5-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 13 удаа мэдрэгдсэн байна.

DSC_8490

Харин 2016 оны эхний 8 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1139 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд идэвхижилт хамгийн их ажиглагдсан 2013 онтой харьцуулахад 2 дахин бага боловч 2015 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт буурахгүй байгааг харуулж байгаа юм.

Ийнхүү газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах, нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааны үеэр онцлон тэмдэглэлээ.

DSC_8521

Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, цаашид баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрт суулгаж шийдвэрлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг шууд худалдан авах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулахыг үүрэг болгосон юм.

Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед 5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтлоо.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх 4 бүлэг, 60 арга хэмжээ тусгагдсан.

Энэ оны төлөвлөгөөний хэрэгжилт 57-78 хувьтай байгааг танилцууллаа.

DSC_8474

scroll to top