Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, Увс, Ховд, Өмнөговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 20, 21нд зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд  төв, зүүн аймгуудын зарим хэсгээр  бороо орно. Салхи  22-нд Алтайн уулсаар, 23-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү 2 багийн “Хөх толгой” гэдэг газар Ховд голд  /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ загас агнаж байсан иргэн А /25 настай эрэгтэй/  осолдсон гэсэн дуудлагыг 2016.09.18-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аялалаар явсан 4 хүүхэд төөрч сураггүй болсон байна гэсэн дуудлагыг 2016.09.17-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх үед 2016.09.18-ны өдрийн 08:50 цагт иргэн Д /19 настай, эрэгтэй/ Ц /16 настай, эрэгтэй/ С /20 настай, эмэгтэй/ Х /18 настай, эмэгтэй/ нар уулнаас өөрсдөө бууж ирсэн.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд ууланд иргэн Б /56 настай, эрэгтэй/ төөрсөн гэсэн дуудлагыг 2016.09.18-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.19-ний өдрийн 02:30 цагт олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр: 

 

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 7 дугаар байрны гадна дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.18-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ О /30 настай, эрэгтэй/ нар 90 хувийн түлэгдэлттэй байсныг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 13 дугаар  гудамжийн 8 тоотод Иргэн Б-н байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.19-ний өдрийн 02:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 11 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top