Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михал Лабендаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд бригадын генерал Т.Бадрал, Монгол Улсын Онцгой байдлын албанаас тэр дундаа ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн нэг сонсогчийг 2016-2017 оны хичээлийн жилд БНПУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Гал унтраах албаны дээд сургуульд сургахад дэмждэг туслалцаа үзүүлсэнд талархаад цаашид сонсогчдын тоог нэмэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Лабенда хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хичээн ажиллахаа илэрхийлэхийн ялдамд эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр хамтарсан дадлага, сургуулийг явуулах боломж байгааг онцолсон.
Мөн БНПУ-д Монгол Улсын Онцгой байдлын албаны албан хаагчдыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах өргөн боломж байгааг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.