Монгол улсын анхны хиймэл дагуул 2017 онд хөөрнө

123456.jpg

Орчин үед технологийн хандлага нано руу чиглэж байна. Дэлхийн ихэнх орон, түүний дунд тэргүүлэх их сургуулиуд  ч гэсэн өөрийн засгийн газрын дэмжлэгтэйгээр  нано хиймэл дагуултай болсоор байна.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газар, Монгол улсын их сургуультай хамтран анхны хиймэл дагуулын техникийн шийдлүүдийг гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахад ашиглахаар гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэллээ.

image3

Энэхүү хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа төдийгүй зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын  хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна.

Саяхан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын санаачлага дэмжлэгээр хиймэд дагуул хөөргөх шаардлагатай зардлыг улсын төсвийн тодотголд тусган энэхүү түүхэн үйл явдлын төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Энэ талаар өнөөдөр ОБЕГ, МУИС хамтран мэдээлэл хийлээ. Хуралд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, дэд профессор Д.Улам-оргил  нар оролцов.

Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай.

Мөн цөлжилт, ойн ургамлын өвчинөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд  нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

1970 онд Токиогийн ИС Япон улсын анхны хиймэл дагуулыг хөөргөж Японы сансарын технологийн  эхийг тавьсан түүхтэй.  Анхны нано хиймэл дагуулыг  1999 онд АНУ-ын Станфордын ИС болон Калифорны Политехникийн УИС хамтран бүтээжээ.

2004 онд БНХАУ-ын Цинхуа  ИС өөрийн орны зөөгч пуужингаар,  2014 онд  Сингапурын Нянян ИС Энэтхэгийн зөөгч пуужингаар өөрсдийн нано хиймэл дагуулаа тойрог замд гаргасан бол МУИС  Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны 04-05 сард хөөргөх гэж байна.

МУИС нь Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монгол улсын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

image5

2014 оноос эхэлсэн “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд сансар судлалын ахисан түвшний сургалт явуулах, залуу багш нараа Япон улсад сургах, мэргэжил дээшлүүлэх, хиймэл дагуулыг удирдах антенийг МУИС-д суурилуулах зэргээр оролцож байна.

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй  “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна.

МУИС-ийн 4 залуу багш эрдэмтэн Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байна. Тэд Монголын анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээхээр хичээн зүтгэж байна.

Манай анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.  Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийнэ. Үүнд, нисэж буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох туршилт анх удаа хийгдэнэ. Мөн хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлох туршилт ч анхных болно. Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

scroll to top