Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Булган, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с, говийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн  өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газар иргэн Б /44 настай, эрэгтэй/ 2016.10.04-ний өдрийн 09 цагийн орчимд самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээллийг иргэн Ж аймгийн Онцгой байдлын газарт 2016.10.04-ний өдрийн 22:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газар иргэн Б /50 настай, эмэгтэй/ 2016.10.04-ний өдрийн 18 цагийн орчимд жимс түүж явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээллийг иргэн Э аймгийн Онцгой байдлын газарт 2016.10.04-ний өдрийн 23:18 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 9 хүн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 9 хүн, 2 автомашин, нийт 17 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.04-ний өдрийн байдлаар Түшийн гарамнаас усаар 15 км газрыг завиар, тогтоол устай газруудад 8 удаа гүнийн шумбалтыг тус тус хийж, харагдах орчин хязгаарлагдсан тул 2016.10.05-ны өдрийн 08:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлэхээр болсон.

3.Объектын гал түймэр:

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Үйлдвэрийн 3 дугаар гудамжийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.04-ний өдрийн 13:16 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхит зуслангийн харалдаа автозам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.04-ний өдрийн 11:24 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт жолооч Ж /47 настай, эрэгтэй/-н 2 гарын сарвуу хайрагдсаныг НЯТТ-ийн эмч Б.Эрхэмболдод хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top