Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын  хойд хэсэг, төвийн аймгуудын  нутгийн баруун хэсгээр  хур тунадас, цас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, баруун болон говийн аймгуудын зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи  5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр  хур тунадас, цас орно. Салхи хугацааны эхээр Алтайн уулс, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Цагаан төгрөг” гэдэг газраас иргэн Б /57 настай, эрэгтэй/ 2016.10.07-ны өдрийн 09 цагийн орчимд бэлчээрээс морио барихаар гараад сураггүй болсон мэдээллийг тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2016.10.07-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.08-ны өдрийн 14:30 цагт Бумбат багийн “Хүйсийн хар-Овоо” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Баруун биет” гэдэг газраас иргэн Д /39 настай, эрэгтэй/ 2016.10.07-ны өдрийн 20 цагийн орчимд  малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.08-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 9 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, малчны унаж явсан мотоциклыг хээрээс олсон, хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.08-ны өдрийн 14:53 цагт тус багийн “Сөдтийн гол” гэдэг газраас эсэн мэнд олсон. Биеийн байдал хэвийн.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн Талын-Агуй жуулчны баазаас Эрдэнэцагаан сумын чиглэлд зорчиж явсан 19-97 СҮА улсын дугаартай 3 зорчигчтой /2 том хүн, 1 хүүхэд/ суудлын автомашин сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.08-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, ар гэрийн 1 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.09-ний өдрийн 00:25 цагт тус багийн “Хүрээт” гэдэг газраас эсэн мэнд олж Эрдэнэцагаан сумын төвд хүргэж ирсэн.

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.08-ны өдрийн байдлаар “Их төхөм” гэдэг газар хүртэл 24 км зайг завьтай усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.   

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Дорлиг”-ийн гүүр гэдэг газар Хараа голын усанд /нэр, хаяг нь тодорхойгүй, 50 орчим настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.10.08-н өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч,  аймгийн Цагдаагийн газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.08-ны өдрийн 17:35 цагт Хэрх багийн “Нугасан тохой” гэдэг газраас цогцсыг  уснаас гаргаж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Хонгор-Өлөн багийн “Хашаатын хөтлийн Хонгор-Өлөн” гэдэг газар /Ховд аймгаас баруун хойд зүгт 150 км-т/ “Хөрс” ХХК-ийн шатахуун ачсан “Норд-бенз” загварын 47-26 ХОҮ улсын дугаартай автомашин “Холбоо нуур”-ын шаварт суусан тухай дуудлагыг 2016.10.06-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.07-ны өдрийн 19:10 цагт шаварт суусан автомашины 24 тн А-92 шатахууныг өөр цистернд юүлж авсан. 2016.10.08-ны өдрийн 11:15 цагт шавраас татан гаргасан.

3.Объектын гал түймэр:

Объектын гал түймэр: Нийслэлийн Баянзүрх  дүүргийн  17 дугаар хорооны “Эрдэнэтолгой” 28 дугаар гудамжийн 948 тоотод  иргэн П-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.08-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Нумтын-Ам” гэдэг газар эзэнгүй чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.08-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top